Хар могойн овогт багтах Монгол улсын Улаан номонд бүртгэгдсэн ховор амьтан. Бутлаг ургамал, тачирхан ургасан чулуут цөл, элстэй нутаг, хуурай хээрт мэрэгч амьтадын нүхэнд амьдарна. Монгол Алтайн өмнөд бэл, Аж богд, Захуйн говь, Их богд, Орог нуур, Хоолойн гашуун, Холбоолж нуур, Тост, Буйр, Дэлгэрхангай, Өвөрхангай аймгийн урд тал, Дорноговь аймгийн Сулинхээрийн нутагт тархсан. Их биеийн урт нь 86 сантиметр, сүүл нь их биеийн гурав дөрөвний нэгтэй тэнцэх урттай. Маш нарийхан биетэй учраас ийнхүү нэрлэгдсэн. Цайвар бор өнгөтэй, зулайн хэсгээс эхлэн нуруу дагасан тууш шаргал өнгийн тод судалтай. Энэ судлын хоёр талаар тасархайтсан юмуу нэлэнхүйд нь үргэлжилсэн нарийхан хар зураас эмжээрлэдэг. Дээд уруул, нүдний өмнөх болон арын бамбай хайрсууд цайвар шар эсвэл цагаан өнгөтэй. Хоншоор нь дугуйвтар, дээд тал нь хавтгай. Хулгана зурам мэтийн жижиг мэрэгч, гүрвэл, шувуу болон мөлхөгчдийн өндгөөр хооллоно.