Зэвэг

Зэвэг загас нь Хулдын овогт багтах бөгөөд хулдын овгийнхон дэлхийн умарт хэсэгт өргөн тархсан, цэнгэг усны болон явуулын загас юм. Манай оронд энэ овгийн 2 төрлийн 2 зүйл загас оршино.

Тархац: зэвэг загас нь цэвэр өөрийн хэлбэр дүрсээрээ, Сибирийн төв хэсгээс зүүн тийш, зүүн Сибирь, Алс Дорнод, Хятад Монголын хойт хэсэг, Солонгосын баруун хэсгийн нутаг дэвсгэрийн гол мөрөн, уулын цэвэр тунгалаг уст нууруудад тархсан байдаг. Зэвэг загас нь манай орны Сэлэнгэ мөрөн түүнд цутгадаг голууд, Дархадын нуурууд, Тэрхийн цагаан нуур, Онон, Халх, Хэрлэн голуудад тархжээ.

Биеийн үндсэн шинж, төрх: хоёр хажуугаараа хавчгардуу биетэй, ам нь олон жижиг хурц шүдтэй, жижиг, тэгш, зузаавтар уруултай. Жижиг нягт суусан хайрстай, сүүлний далбангийн ухлаадас нь бага.

Үржил: зэвэг загас 5-8 насанд бэлэг боловсорч гүйцэх ба эл үед биеийн урт 39-42см, хүндийн жин нь 600-800 грамм болно. Эмэгчин загасны бэлэг эрэгчин загасныхаас нэг жилээр хоцорч боловсорно. Хавар 4-5 дугаар сард үржлийн нүүдэл эхэлдэг. Түрс шахах газар нь боргио, харгиа ихтэй, жижиг хайрга чулуун хөрстэй, голын урсгал нь 0.2-0.5м.сек хурдтай газар байна. Үржлийн үеийн усны дулаан нь цельсийн 6-12 хэм байна. Зэвэг загас 3-7.5 мянган түрс гаргадаг ба маш удаан өсөлттэйд тооцогддог. Хамгийн том нь 70 см урт, 6 кг хүртэл хүнд болдог ажээ. Зарим тохиолдолд 1 метр хүрдэг байна. Гэхдээ энэ нь загасны оршин буй гол нуурын байгаль экологиос хамаардаг.

Идэш тэжээл: Зэвэг холимог тэжээлтэй бөгөөд түүний хоолны бүрэлдэхүүн харилцан адилгүй олон янз байдаг. Жижиг жараахай, шавьж, түүний авгалдай, замаг, хоовгон, соно, шумуул зэргийг иддэг.