Passer ammodendri Gould, 1872 ,
Баг: Боршувуутан –
Passeriformes,
Овог: Боршувууныхан –
Passeridae
Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “ховордож болзошгүй” зүйлд хамаарна.
Таних шинж: Биеийн урт 14-15 см. Бие гүйцсэн бодгалийн дух, зулай, дагз, нүдний өмнө хэсэг, хоолой хар. Хөмсөг, чихний ар талаар улбар шар судалтай. Шанаа цайвар саарал, нурууны дээд хэсэг тууш хар толбо бүхий улбардуу бор туяатай элсэн шаргал. Хэвлий цагаан, биеийн хажуу бор шаргал өнгөртэй. Эм шувуудын толгойн орой, хацар элсэн шаргалдуу саарал, хөмсөг, хоолой цайвар саарал. Хошуу хар саарал. Хөл улбардуу бор хүрэн. Залуу шувууд нь бие гүйцсэн эмтэй төсөөтэй ч хоолойн хэсэгт саарал болон хар өнгө байхгүй.
Тархац, байршил нутаг: Дундад Ази, Казахстан, Төв Азийн умард хэсэг, дорно зүгт Ордос хүртэл тархсан. Монгол орны Шарга, Алтайн өвөр говь, Говь-Алтайн нуруу, зүүн талдаа Зүүнгарын говийн заган ойд үүрлэнэ.
Амьдралын онцлог: Манай орны хувьд суурин, өндөглөдөг зүйл. Говь цөлийн заган шугуй бол энэ зүйлийн үндсэн амьдрах орчин. Үржлийн хосууд VI сард хөгшин, бүдүүн загийн хонгил, мах идэшт шувуудын үүрийг сүвлэн үүрээ засна.Зарим хосууд голын эргийн нүх (Хонгорын голын эрэг), малын хашаа, саравчны ангал нүхэнд ч үүрлэнэ. Задгайрсан амсартай торх хэлбэртэй үүрийг ургамлын иш, мөчир, навчаар засаж, үүрний хонхорыг жижиг өд, үс, ноосоор доторлож, өндөглөнө. Өндөг гялалзсан цагаан, эсвэл цайвар саарал дэвсгэр өнгөтэй бөгөөд улбар, саарал, шаргалдуу бор толбо, судалтай.4-6 өндөг гаргаж, ихэвчлэн эм 11-14 хоног дарна. Хуурай газрын сээр нуруугүйтэн болох цох, царцаа, аалз, тэмээлзгэнэ, тэдгээрийн авгалдай иднэ. Үржлийн бус үедээ 6-60 бодгаль нэгдэж, сүрэг үүсгэх бөгөөд ихэвчлэн ургамлын үр жимсээр хооллоно.Энэ үедээ заг, улиас, сухай зэрэг мод, бутны орчимд байршимтгай. Намрын цагт тэд сүрэглэн хармагийн жимс идэх дуртай. Хахир өвөл тэд малын хашаа, саравч, айл орчимд ирж, малын бааснаас ургамлын үр иднэ.Сүрэглэсэн шувууд заган ой, өвөлдөө заримдаа айлын өвөлжөөнд ирж хоноглоно.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Тэмээ, хавтгай заг модны мөчир, гишүүг идэх, үүртэй модыг тасчиж, сэгсчиж шувуудад сөрөг нөлөөлнө. Заг түлшинд хэрэглэснээс амьдрах орчныг өөрчилнө. Гэнэтийн цочир хүйтрэл, мах идэшт шувууд бие гүйцсэн болон ангаахайг идэх нь тоо толгойд сөргөөр нөлөөлнө.
Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн. Манай орон дахь нийт тархалтын 41.8% нь улсын тусгай хамгаалалттай газарт багтана. Үрждэг болон улирлын шилжилтийн үедээ дайрч өнгөрдөг нутаг нь Монгол орны өмнөд бүсийн зарим улсын тусгай хамгаалалттай газарт хамаарна.
Хамгаалах арга хэмжээ: Нөөцийг тогтоох, хамгаалалтыг сайжруулах, үржлийн биологи, нүүдэл шилжилт, тоо толгойн хорогдлыг судлах, заган ойг бүхэлд нь орон нутгийн болон улсын тусгай хамгаалалттай нутагт хамруулах, хиймэл үүр байрлуулах замаар энэ зүйлийн үржил өсөлтийг дэмжих, сурталчилгаа хийх.
Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013