Бор гөрөөс бугын язгуурт багтдаг ба Монгол оронд Монгол Алтайн нуруу, Хангай, Хэнтий, Хянганы уулсын ойт хээр, ойн бүсийн шилмүүст болон хар мод холимог ойгоор тархан амьдардаг. Бор гөрөөсийг европын орнуудад буга гэж нэрлэдэг. Бор гөрөөс нь биеийн хэмжээгээрээ 1.4 метр урт, сэрвээний өндөр 1 метр, биеийн жин 25-60 килограмм хүрдэг. Том чихтэй, урт хөл, урт хүзүүтэй, хойт мөчнүүд нь урдахаас уртавтар боловч нуруу тэгш. Сүүл оготор богино, үснийхээ доороос бараг харагдахгүй, сүүлээ тойроод цагаан үстэй байдаг. Эрэгчинг нь гур, эмэгчинг нь зүр гэнэ. Гур нь эвэртэй байдаг ба Монгол оронд байх бор гөрөөсний эвэр нэлээд урт заримдаа 45 сантиметр хүрдэг. Эвэр нь 5-8 настайдаа хэмжээндээ хүрч өсөөд 6 наснаас дээш эврийн жин, хэмжээ нь багасаж ирдэг. Зүр нь биеийн хэмжээ жингээр эрэгчингээсээ арай багавтар, өнгө зүс бараг ижил байдаг. Бор гөрөөс зуны улиралд сор шим сайтай өвс тэжээл бүхий нуга хөндий, ойн цоорхойгоор бэлчих ба төрөл бүрийн мөөг, жимсийг идэш хоолоо болгоно. Өвлийн улиралд модны мөчир, бутлаг ургамлын иш, навч нахиа, модны холтос, хадны хаг зэргээр хооллох ба хужир мараатай газар очдог. Өсөж төрсөн, дасаж зохицсон нутагтаа идэш тэжээл элбэг байгаад байвал нүүдэл хийлгүй удаан суурьшин амьдардаг.
Бор гөрөөсний ороо нь 8-9 дүгээр сард эхэлдэг. Гур нь огцом богинохон хашгирах мэт урамдан эмэгчингүүдээ дууддаг. Орооны дараа гур эврээ гээдэг ба 12 дугаар сараас шинээр цусан эвэр ургаж, дараа жилийн хавар 5 дугаар сард ясжиж гүйцдэг байна. Гур орооны үед нэг зүр дагаж хээлтүүлдэг боловч цөөн тохиолдолд 2-3-ыг хөөж хээлтүүлэх явдал байдаг ажээ. Зүр хээлээ 9 сар тээж хавар 5 дугаар сард 1-2, ховор тохиолдолд 3 хүртэл янзага төрүүлдэг. Янзага төрөхдөө цагаан цоохор толботой гардаг бөгөөд энэ нь түүнийг ямар нэг махчин амьтнаас хамгаалах өнгөлөн далдалт болдог байна. Төрснийхөө дараа эхийнхээ сүүг хөхөж 7 хоног хөдөлгөөнгүй хярж хэвтдэг. 7-10 хоногийн дараа эхийгээ дагаж ойр зуур бэлчээрлэн ганц хоёр навч ногоо зулгааж эхэлдэг ажээ. Анх төрөхдөө үүдэн шүдтэй төрдөг ба 5-12 сартайдаа сүүн шүд нь байнгын ясан шүдээр солигдож дуусдаг байна. Гур 16, зүр 11-12 жил хүртэл наслах ажээ.