Шилүүс (Lynx lynx, Linnaeus 1758)

Биеийн галбир хэмжээ, зүс: Монголын мийн овгийнхноос биеийн хэмжээгээр ирвэсний дараа орно. Мөч харьцангуй урт зэгзгэр, тавхай том. Биеийн урт 73-106 см, сүүлний урт 10-24 см, чихний урт 7.5-9.9 см. Биеийн жин 9-21 кг. Зүс саарал, ухаагаас шаравтар толботой.  Чихний үзүүрт 4-7 см урт шовх хар цацаг үстэй. Сүүл богино үзүүр нь хар. Шанаанаас унжсан “хууз” маягийн урт үстэй. 

Амьдралын онцлог: Шилүүс гол төлөв бүрэнхий шөнийн идэвхтэй. Ганц нэгээр амьдарна. Шилүүс, туулай, чандага, бор гөрөөс, хүдэр, хар сүүлт зээр, янгирын ишиг, аргалийн хурга, тарвага, огдой, жижиг мэрэгчид, ятуу, хөтүү, хахилаг мэтийн дунд зэргийн биетэй шувуудаар хооллоно. Тэдний үүр модны үндэс орчмийн хөндий, унанги модны доор, хад чулууны ангал, завсар байрлана. Ороо нийллэг хавар 3-4-р сард болно. Хээл тээх хугацаа дунджаар 69 хоног. Эм шилүүс 2-3 ногуул төрүүлнэ. Хоёр настай бэлэг боловсорно. Байгальд 17-24 жил хүртэл наслана.

Амьдрах орчин: Шилүүс умард Монголд тайга, холимог ой, ойт хээр, хээрийн хад чулуут бэсрэг уулс, өндөр уулархаг нутаг, говь цөлийн хадат уулсаар тохиолдоно.