Биеийн галбир, хэмжээ, зүс: Биеийн галбир төрхөөрөө хярстай төстэй боловч биеэр түүнээс илэрхий том сүүл нь урт өтгөн үстэй үзүүр нь цагаан, хоншоор нь урт, шөвгөр. Чих соотон бөгөөд үзүүр нь шовх, чихний гадна тал хар өнгөтэй. Өвлийн үс улаан шаргал, зуны үс цайвардуу саарал өнгөтэй. Цээж, хэвлий цагаан. Мөчнүүд харьцангуй урт, бараан өнгөтэй. Биеийн урт 70-90 см, сүүлний урт 40-60 см, чихний урт 9-11 см, биеийн жин 5-10 кг.
Амьдралын онцлог: Өдөр шөнөгүй тохиолдох боловч голдуу өглөө эрт, орой бүрэнхийд гүйдэлтэй. Ихэвчлэн тарвага, хярс, доргоны хуучин нүх, хадны ангал зэрэгт орогноно. Жижиг хөхтөн ялангуяа үлийн цагаан, жижиг шувууд, мөндөл, огдой шавьж зэргээр хооллоно. Ороо нь сэрүүн бүсэд 4-р сард, говь цөлийн бүсэд 2-3 сард болно. Үржлийн хос үүсгэнэ. Хээл тээх хугацаа 49-58 хоног үргэлжилнэ. Жилд нэг удаа төллөх бөгөөд дунджаар 4-6 гавар төрүүлнэ. Гаврууд намар хүртэл эхтэйгээ хамт амьдарна. Байгалийн нөхцөлд 6-7 жил амьдарна.