Туурайтны овогт багтах халиун буга нь Монгол орны Хангай, Хэнтий, Хөвсгөл, Их Хянганы ой бүхий нутагт тархан амьдардаг. Эрийг буга, эмийг согоо, төлийг янзага хэмээнэ. Нэг настайг зоргол, хоёр настайг соёондой, гурван настайг шуумгай дайр, дөрвөн настайг таргалтар, таван настайг буга гэнэ. Буга дунджаар 12-18 жил насална. Зуны цагт улаавтар хүрэн бор, өвлийн цагт цайвар бор, цайвар хөхөвтөр зүстэй болно. Аль ч улиралд толгой нь цайвардуу байна. Бугын үс 4-5 сард гуужна. Буга нэг талдаа ихэвчлэн 7-8 салаа эвэртэй байдаг. Ховор тохиодолд 18 салаа эвэртэй буга тааралдана. Бугын биеийн урт нь 130-140см, өндөр нь сэрвээгээрээ 115-155см, биеийн жин нь 350кг хүрнэ.
Хос эврийн хүнд нь 3-7кг байна. Бугын ясан эвэр 2-5 сард унаж, оронд нь 3-7 сард цусан эвэр ургаж эхлэн 8 сард ясжина. Салаагүй цусан эврийг бундуу, хэд хэд салаалсныг бойтог хэмээнэ. Бугын ясан эвэр экспортын төдийгүй, чимэглэлийн зүйл, цавуу хийх үнэт түүхий эд болдог. Цусан эвэр нь хүний биеийн тамир тэнхээг сэргээж, бэлгийн чалхыг сайжруулдаг, түрүү булчирхайн үрэвслийг анагаах ховор эмийн түүхий эдэд тооцогддог. Нас бие гүйцсэний дараа эврийн салаа нэмэгдэхгүй, харин эвэр угнаасаа эхлэн жилээс жилд бүдүүрч томрон илүү хүчирхэг болдог нь орооны үед бусад эрэгчингээс илүү согоо хураах боломжийг нэмэгдүүлдэг.
Буга хэвтрээсээ үүр гэгээрэхээр босож бэлчээрлэдэг. Нэлээд орой хойхно хэвтэртээ эргэн ирнэ. Орооны цагаас бусад үед хүйсээрээ ижилсэн сүрэглэнэ. Бугын орооны үе намар 9 сарын хоёр дахь долоо хоногоос 10 сарын 2 дахь долоо хоногийг дуустал сар орчим үргэлжилдэг. Энэ үед уулын зоо нуруу, модны хаяагаар ил гарч чихарсан уянгалаг дуугаар урамдана. Ингэж урамдахыг бугын дуудлага гэх бөгөөд энэ үеэр хоорондоо мөргөлдөж бие биеэ гэмтээх тохиолдол бий. 6 сарын эхээр төллөж 1 ил төрүүлнэ.
Бугын тоо толгой 1980 онд 140000 байсан бол 2010 оны судалгаагаар 16350 болж буурсныг тогтоосон. Бугыг урт насалдаг хэмээн эртнээс нааш гарал үүслийн онгон сүлдээ болгон шүтэж ирсэн заншил бий. Тийм учраас агнаж устгасан хүний амь насанд цөвтэй хэмээдэг.
Судлаачид “Зарим ТХГН-ийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө” төслийн хүрээнд Хустайн нуруу болон Тарвагатайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргаатай хамтран бугын шилжилт хөдөлгөөн, нүүдлийн коридор, холбоос нутгийг илрүүлэх судалгааг 2019-2020 онд хийж гүйцэтгэсэн. Халиун буганд зүүсэн сансрын дохиолол нь 4 цагийн зайтай байршлын мэдээллийг дамжуулснаар халиун бугын хоногийн шилжилт хөдөлгөөн Хустайн нурууны БЦГ-т дунджаар 490м, эзэмшил нутгийн хэмжээ 144-242км.кв, Тарвагатайн нурууны БЦГ-т 450м, эзэмшил нутгийн хэмжээ 36-51км.кв талбайг эзэлж байгааг тогтоожээ. Харин Тарвагатайн нуруунд байсан нэг буга 480км зам туулан Баянхонгор аймгийн урд хэсэгт байдаг Их Богд ууланд очсон байна. Монгол оронд зөвхөн халиун бугын төрөл зүйл байдаг. Сүүлийн жилүүдэд халиун бугын тоо толгой өсөх хандлагатай байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор халиун бугыг ховор амьтны жагсаалтад оруулсан бөгөөд зөвхөн тусгай зөвшөөрлөөр агнадаг болсон. Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглосон.