Монгол оронд боролзон, түвд, чандаган, молтогчин туулай байдаг. Боролзон туулай ойт хээрийн бүсээр нутагладаг. Эм туулайд бусад амьтанд байхгүй нэг сайхан чанар байдаг бөгөөд өвсөнд хяраад хэвтчихсэн бүжинтэй таарвал хэний үр зулзага байх нь хамаагүй цадтал нь хөхүүлдэг байна. Боролзон туулай тарваганы хаясан нүхийг өөд татан өөрийн болгож байхад молтогчин туулайнууд газар ухаж үүр засдаг. Бүжингээ тусгай зассан өвс, ноолууран дэвсгэр дээр төрүүлнэ. Молтогчин туулайн бүжин эхээс төрөхдөө дөнгөж хөдлөх төдий амьсгаатай, ямар ч үсгүй нүцгэн байхын дээр нүдээ нээгээгүй, сонсох чадваргүй байдаг. Харин боролзон туулайн бүжин улаан нүцгэн биш, мөн хараатай төрөх бөгөөд төрөнгүүтээ гүйж чаддаг байна. Молтогчин туулай төрснөөс хойш 2 долоо хоноод гөлөг шиг нүдээ нээнэ. Молтогчин бүжингүүдээ хэвтэж байгаад хөхүүлнэ. Харин боролзон туулай шиг сайхан сэтгэл гарган бусдын бүжинг хөхүүлэхгүй. Гэхдээ боролзон туулай молтогчин шиг өдрийн хэд бүжингүүдээ хөхүүлдэггүй гэнэ. Тиймээс туулайн бүжин амьдралдаа хэдхэн удаа эхийнхээ сүүгээр хооллодог байна. Энэ нь молтогчин хийгээд боролзон туулайны ялгарах онцлог юм. Молтогчин хийгээд боролзон туулайны аль аль нь бүлээр амьдардаггүй.