ШАГШУУРЫН ШАТАНСҮҮЛТ
Lat: Locustella luscinioides (Savi, 1824)
Баг: Боршувуутан – Passeriformes
Овог: Зэржигэнийхэн – Sylviidae
Rus: Соловьиный сверчок
Eng: Savi’s warbler
Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “ховордож болзошгүй” зүйлд хамаарна.
Таних шинж: Биеийн урт 13-15 см. Бусад шатансүүлтээс ялгагдах шинж нь цээж нь элдэв судал, толбогүй, цайвар хүрэн өнгөтэй. Биеийн нуруу тал бор саарал, хоолой орчим үл мэдэг цайвар, дээд хошуу бараан, доод хошуу шаравтар өнгөтэй, сүүлний доод бүрхүүл өд улаавтар хүрэн.
Тархац, байршил нутаг: ОХУ-ын өмнөд нутгууд, Барнаул, Зайсангийн хотгор, Дундад Ази, Баруун Европ, Баруун хойд Африк, Газар дундын тэнгисээр нутаглаж, Зүүн хойд Африкийн халуун бүсээр өвөлжинө. Их нууруудын ай савын Хар, Хар ус нуурын өтгөн зэгс бүхий ус намгархаг газарт тархсан.
Амьдралын онцлог: Нуур, голын дагуух өтгөн өндөр зэгс, өвсөнд амьдарна. Газарт үүрлэж, 6-10 өндөг гаргана. Шавьж иднэ.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Тоо толгой, хомсдолыг нарийвчлан судлаагүй. Тархац нутгийн хэмжээ бага.
Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн. Тархац нутгийг Хар ус нуурын байгалийн цогцолборт газарт хамруулсан.
Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц, биологи, экологийг нарийвчлан судлах, уг цогцолборт газрын менежментийн төлөвлөгөөнд уг зүйлийг хамгаалах асуудлыг тусгах, сурталчилгаа хийх.
Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013