МОНГОЛ
ХУЛАНЖОРОО
Lat: Podoces hendersoni Hume, 1871
Баг: Бор шувуутан – Passeriformes
Овог: Хэрээнийхэн - Corvidae
Rus: Монгольская саксаульная сойка
Eng: Mongolian Ground jay, (Henderson’s)
Jap: Hashinaga-sabakugarasu (ハシナガサバクガラス)
Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “эмзэг” зүйлд хамаарна.
Таних шинж: Биеийн урт 30 см. Бие гүйцсэн эр, эмийн зулай, далавчны бүрхүүл, хоёрдугаар зэргийн дэвүүр өдүүд, нэгдүгээр зэргийн дэвүүр өдний үзүүр, сүүл гялалзсан хөхөвтөр туяатай хар өнгөтөй.Хүзүү цайвар, нуруу боровтор хул, сүүлний бүрхүүл өд элсэн шаргал, хэвэл цайвар хул зүстэй.Хошуу, хөл хар.Гүйх дуртай.Алсаас сонсогдох хонх шиг жингэнэсэн дуутай.
Тархац, байршил нутаг: Зүүн гар, Кашгар, Алааш, Цайдам‚ Ордос, Синь-зянь, Ганьсугаар тархана. Монголын цөл, цөлөрхөг хээр, хуурай хээрийн урд хэсэг, Алтайн өвөр говиор тархжээ.Жижиг чулуурхаг, хужир мараа бүхий заг, сухай, сөөг ургамалтай элсэрхэг цөл баян бүрд, уул толгодын сайртай нутгаар суурин амьдарна.
Амьдралын онцлог: Модлог ургамал дээр газраас дээш 80-100 см-ийн өндөрт модны мөчир зулж, тэмээ, хонины ноос, өдөн зөөлөвч дэвсэж шавраар шавсан үүр барина. Өндөг цагаан саарал өнгөтөй, бараан толботой.Ихэвчлэн 3-4 өндөг гаргана.V, VI сард ангаахай үзэгдэнэ.Төрөл бүрийн шавьж, ургамлын үр, гүрвэлээр хооллоно.Зуны сүүлчээр голио, царцаа, бусад хатуусарьсан далавчтан шавьж иднэ.Заримдаа хулан жорооны ходоодонд дан хонин гүрвэл тохиолдож байв.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Махыг уламжлалт эмнэлэгт эмийн зориулалтаар хэрэглэдэг хэмээх буруу ойлголтоор агнах, мод сөөгийг их хэмжээгээр түлшинд ашиглах зэргээс амьдрах орчин доройтож‚ тоо толгой цөөрч байна.
Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэж, Монгол улсын улаан номонд оруулсан. Байршил нутгийг улсын тусгай хамгаалалтад хэсэгчлэн авсан.
Хамгаалах арга хэмжээ: Нутгийн иргэдэд хамгаалахын ач холбогдлыг сурталчлан ойлгуулж, эмийн зориулалтаар хууль бусаар ашиглалтад тавих хяналтыг сайжруулах, нутгийн иргэдэд түшиглэсэн менежментийг бий болгох.
Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013