Шийхнүүхэй (Ойн шийхнүүхэй)

ОЙН ШИЙХНҮҮХЭЙ

Lat: Anthus trivialis (Linnaeus, 1758)

Баг: Боршувуутан – Passeriformes

Овог: Цэгцгийнхэн – Motacillidae

Rus: Лесной конек, лесная шеврица

Eng: Tree Pipit

Jap: Yoroppa-binzui (ヨウロッパビンズイ)


Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “ховордож болзошгүй” зүйлд хамаарна.


Таних шинж: Нүүдлийн, өндөглөдөг шувуу. Биеийн урт 14-16см, цайвар бор өнгөтэй. Цээжээрээ тод хар толбон судалтай, хэвлий хэсэг цагаан цайвар. Сүүлний захын 2 өд цагаан, бусад залуур өдүүд хархүрэн, зарим нь цагаан оройтой. Хөлийн сарвуу ягаан, нүдний хөмсөг орчим үл мэдэг цайвар бөгөөд нүд дайрсан нарийн бүдэг хар судалтай. Хошууны хоёр талаас доош тууш бараан судалтай.


Тархац, байршил нутаг: Баруун Европ, ОХУ, Туркээс Гималай хүртлэх Азийн уулс, Дорнод Тяньшанаар тархсан бөгөөд Баруун Европ, Африк болон Зүүн урд Азид өвөлжинө. Хөвсгөл, Хангай, Хэнтийн ойт хээрийн бүсийн холимог ойн зах, Ховд, Булган, Орхон, Сэлэнгэ, Онон, Балж, Хэрлэн, Улз, Халх голын сав дагуух модтой газраар нүүдэллэж, үрждэг.


Амьдралын онцлог: Үүрээ хожуулын ёроолд нямбай засна. 4-5 өндөг гаргана. Холимог ойн цоорхой, довцог, голын хөндийн ой, өндөр уулын нугад амьдарна. Шавьж аалз, ургамлын үр иднэ.4-р сарын дундаас нүүдэллэн ирж, 9-р сарын эхээр буцна.


Тоо толгой, хомсдох шалтгаан: Тоо толгой, нөөцийн хомсдлыг судлаагүй. Түймэр, мод бэлтгэлт зэргээс шалтгаалсан ойн нөөцийн хомсдол нь амьдрах орчны нөхцөлийг доройтуулна.


Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн. Тархац нутгийн ихэнх хэсэг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамрагдсан.


Хамгаалах арга хэмжээ: Тархац нутгийн ойн нөөцийг хамгаалах, нөөцийн хомсдлын шалтгаан, биологи, экологийн судалгааг хийж, хамгаалалтын менежментийг боловсруулан хэрэгжүүлэх, сурталчилгаа хийх.


Эх сурвалж: Монгол улсын Улаан ном 2013