АЗИЙН ЦУУЦИЛ
Lat: Limnodromus semipalmatus Blyth, 1848
Баг: Хиазтан - Charadriiformes
Овог: Хомноотынхон – Scolopacidae
Rus: Азиатский бекасовидный веретенник
Eng: Asian Dowitcher
Jap: Shiberia-ohashishigi (シベリア・オハシシギ)
Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “эмзэг” зүйлд хамаарна.
Таних шинж: Бие гүйцсэн эрийн дух‚ зулай‚ дагз дундуураа тууш бараан хүрэн‚ өд улбар шар эмжээртэй. Хошууны угаас нүд рүү цагаавтар‚ түүнээс арай доогуур завжийг дайрсан харавтар судалтай.Бие зэвэн улбар зүстэй.Хэвэл хүрэн‚ дунд хэсгээрээ цагаавтар.Биеийн хажуу тал нарийхан цагаан судалтай.Эм, эрийн адил зүстэй боловч‚ арай хүрэндүү бүдэг‚ хэвэл хүрэвтэр туяа бүхий цайвар.
Тархац‚ байршил нутаг: Дэлхий дээр ОХУ, Кени, Имен, Казакстан, Араб, Узбекстан, Энэтхэг, Хятад болон зүүн өмнөд Азийн нутгуудаар тархсан. Нууруудын хөндий‚ Их нууруудын хотгор‚ Хөвсгөл‚ Хэнтий‚ Орхон Сэлэнгийн сав‚ Монгол Дагуур‚ Хянганы нутгаар нүүдэллэх‚ өндөглөн зусах байдлаар тааралдана.Айраг, Орог, Цайдам, Хөвсгөл, Буйр нуур‚ Халх, Бороо голын савд өндөглөн зусна.Үржлийн болон нүүдлийн үед тойром, бүрд‚ нуурын зөөлөн хөрстэй‚ намхан эрэг хөвөө‚ намаг‚ чийглэг нуга‚ хаялга‚ гол мөрдийн ил задгай намгархаг газар идээшин нутаглана.
Амьдралын онцлог: Амьдрал‚ үржлийг бараг судлаагүй. Хавар V сарын дундаас VI сарын эх хүртэл нүүдэллэнэ.Хөвсгөл нуурын Хороо‚ Ханх голын адгаар V сарын 2-р хагасаас VI сарын эхээр нүүдэллэн өнгөрч зарим жилд өндөглөдөг.VI сарын эхээр орооны өнгө зүстэй‚ үрийн булчирхай томорсон эр үзэгдэнэ.Үүрээ шигүү өвсөн дунд засч, сайн далдална.Голын адгаар буурал хараалай‚ бүрдний хөгчүү‚ морин цууцилтай хамт үүрлэдэг онцлогтой.V сарын эцэс, VI сарын эхээр хаяа 1-3‚ ихэнхдээ 2‚ хүрэн толботой ногоовтор өндөг гаргана.Дэгдээхий VI сарын сүүлч, VII сарын эхээр гарч‚ мөн сарын сүүлчээр нисдэг.Хирономид‚ хануур хорхой‚ усч цох‚ түүний авгалдай‚ элдэв шавжийн үлдэгдэл‚ ургамлын үр амьтны гаралтай зүйлсээр хооллоно.Намрын нүүдэл VIII сард болно.
Тоо толгой‚ хомсдох шалтгаан: Тоо толгой тодорхойгүй. Үүрлэж, өндөглөх тохиромжтой нутаг хомсдох‚ амгалан байдлыг алдагдуулснаас цөөрнө.Түүнчлэн усны төвшний өөрчлөлт‚ гэнэтийн хүйтрэл‚ үргэлжилсэн бороо‚ үер зэрэг цаг агаарын тааламжгүй байдал үүр, өндөг‚ залуу бодгалийг цөөрүүлдэг.Мөн махчин амьтад үржилд нөлөөлнө.
Хамгаалсан байдал: 1995 оноос агнахыг хуулиар хориглож, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн. Хөрш зэргэлдээх орны болон Олон улсын улаан ном, Монгол улсын улаан номонд (1997) тус тус бүртгэгдсэн.Байршил нутгийг Дорнод Монгол‚ Монгол Дагуур, Нөмрөгийн дархан цаазат газруудад хамруулсан.Сүүлийн жилүүдэд Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенцийн хавсралтад бүртгэгдсэн нууруудад хэсэгчлэн хамгаалагдаж байна.
Хамгаалах арга хэмжээ: Тархац, тоо толгой судалж тогтоох, шувуу олноороо үүрлэдэг нутгийн зэгсийг хадахгүй байх, улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын шувуудын хамгаалалтын менежментийг бий болгох.
Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013