ЖОРОО ТООДГОЙ
Chlamydotis undulata (Jacquin, 1784),
Баг: Тогоруутан – Gruiformes
Овог: Тоодогийнхон – Otididae
Rus: Дрофа-красотка, Джек,
Вихляй
Eng: Houbara Bustard
Jap: Fusaerisho-nogan (フサエリショノガン)
Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “эмзэг” зүйлд хамаарна.
Таних шинж: Тоодогнуудаас хамгийн жижиг. Эр, эм тоодогийн нуруу, далавчны дээд тал цайвар шарга зүстэй, хэвэл цагаан.Далавчны хүчлэх дэвүүр, өдний үзүүр хар бараан, сүүлний үзүүр цагаан, угаараа бордуу хөндлөн зураастай.Толгойдоо урт, зөөлөн өдөн залаатай.Чихний араас хүзүүний хоёр талыг дагасан урт хар зурвастай.Хошуу хар.Эрүүний уг цайвар, хөлдөө гурван хуруутай.Эр тоодгой эмээсээ ялимгүй том.Гүйх дуртай.
Тархац, байршил нутаг: Африк, Араб, Дунд, Төв Азийн цөлөрхөг нутагт тархана. Монголд: Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Алтайн өвөр, Номин, Галбын говиудаар тааралдана. Тархацын зүүн зах Дорноговь аймгийн Цагаан элс, баруунаа Алтайн өвөр говь, Монгол, Говь Алтайн уулсын ар, Хангайн нурууны өврөөс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум, баруун хойшоо Увсын Давст, Малчин сумдын нутаг хүртэл цөл, цөлөрхөг хээр, уулсын хөндий даган д.т.д 2700м өргөгдсөн нутгуудад ховор тааралдана. Заг, хармаг, харгана, зээргэнэ, баглуур, бударгана, сийрэг ургасан хялгана таанатай тэгш, жижиг гүвээ толгод, элсэн довцогтой нутгуудад байршина.
Амьдралын онцлог: Хавар нүүдэллэн ирснийхээ дараа хосоороо салж, үүрээ газарт засч, 1-3 өндөг, заримдаа 4 өндөг гарган, 21-24 хоног дарж, дэгдээхий болгоно. Дэгдээхий сарын дараа нисэх чадвартай болно.Эр бодгаль өндөг дарах, дэгдээхий торниулахад оролцохгүй.Хоёр нас хүрч үржилд орно.IX сарын дунд үе, Х сараас дулаан орны зүг бүлээрээ нүүнэ.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Монголд 200-300 толгой жороо тоодог байдаг. 1975-1981 оны VII-IX сард явуулсан судалгаагаар, 50 орчим бодгаль байв.1985, 1987, 1989 онуудын VII-VIII сард Дорноговь аймгаас Борзонгийн говиор дайрч, Алтайн өвөр говь, Номингийн говийг туулан 500км аялахад, 7 тоодог тоологдсон. 1989 оны VI сарын дундуур Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутагт тохиолдож байснаас үзэхэд, монголд нэн ховордсоныг гэрчилнэ. Хулгайгаар агнах, байршил нутгийн тайван байдлыг алдагдуулснаас тоо толгой ихээхэн хорогдож байна.Шонхор, бүргэд зэрэг махан идэшт амьтад дэгдээхий, бие гүйцсэн тоодогийг барьж иддэг.
Хамгаалсан байдал: Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэж, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцийн I хавсралт, Монгол улсын улаан ном (1987, 1997), Азийн улаан номонд тус тус оруулсан. Байршил нутгийг улсын тусгай хамгаалалттай газарт хэсэгчлэн авсан.
Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц, биологийг судалж, зориудаар өсгөн үржүүлэх, хамгаалах сурталчилгаа хийх, байршил нутгийн хамгаалалтыг сайжруулах, энэ зүйлийг гаршуулан үржүүлэх замаар тоо толгой, нөөцийг нэмэгдүүлэх.
Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013