Тогоруу (Хар тогоруу)

ХАР ТОГОРУУ

Grus monacha Теmminck, 1835

Баг: Тогоруутан - Gruiformes

Овог: Тогорууныхан - Gruidae

Rus: Чёрный журавль

Eng: Hooded Crane

Jap: Nabe-zuru (ナベズル)


Статус:
Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “эмзэг” зүйлд хамаарна.

Таних шинж: Жижиг биетэй, өвөг тогоруунаас харьцангуй том. Толгой, хүзүү цагаан, бие хар, хар саарал зүстэй. Зулай улаан. Хөл хар. Залуу бодгалийн толгой, хүзүү бараан.

Тархац, байршил нутаг: Якут, Примор, Хабаровскийн хязгаарын зарим нутгаар өндөглөдөг. Солонгос, Япон, Хятадын нутагт өвөлждөг. Сибирийн шилмүүст тайгийн намагт өндөглөөд, нуур, голын хөвөө, тариалангийн талбай бараадан байршина. Монголд нүүдлийн болон зусах байдлаар тааралдана. Хэрлэн, Улз голоор хэдэн зуугаараа үзэгдэнэ. Архангайн Цагаан сүмийн аманд зусна.

Амьдралын онцлог: Тайгийн намгуудад IY сарын сүүлчээр үүрээ засч, 2 өндөг гаргана. Дэгдээхий YIII сард нисч эхэлнэ. Шавьж, мэлхий, ургамлын үндэс, үр жимсээр хооллоно . YI сарын эхээр 10-30-аараа сүрэглэн ирнэ. Тариалангийн талбайд олноороо цугларч хаягдсан буудайн үрийг түүж иднэ. Х сарын эхээр өндөглөх нутагтаа 5-10-аараа сүрэглэн ниснэ. Үржилд ороогүй бодгалиуд зусна.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Архангай, Өвөрхангай, Завханы нутагт нүүдлийн болон зуссан нийт 10 гаруй тохиолдол тэмдэглэгдсэн. 1990 оны хавар Улзын тариалангийн талбайд 700 гаруй, 1991 онд 2079, 1992 онд 107, 1994 онд 1891 тоологдсон. 1994 оны IX сарын сүүлчээр мянга гаруй тогоруу бөөгнөрөн байв. Байгаль дахь нийт нөөц 7 мянга гаруй бий. 2012 оны намар Айхан нуурын хөндийд 22 хар тогоруу тааралдсан. Нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг болон зусдаг нуур, цөөрмийн усны түвшин багасаж, зарим нуурууд хатаж, ширгэж буй нь энэ зүйлийн амьдралд сөргөөр нөлөөлнө.

Хамгаалсан байдал: 1995 оноос агнахыг хуулиар хориглосон. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн I хавсралт, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенцийн II хавсралт, Монгол улсын Улаан ном, Азийн ховор шувуудын Улаан номонд тус тус орсон, байршил нутгийн зарим хэсгийг улсын тусгай хамгаалалтад авсан.

Хамгаалах арга хэмжээ: Монгол улсын нэн ховор амьтны жагсаалтад бүртгэх, хэвийн өсч, үржих нөхцлийг бүрдүүлэх. Зэгстэй нууруудыг шувуу үржих, зусах хугацаанд зуслан, бэлчээрээс чөлөөлөх, хамгаалах сурталчилгаа зохион байгуулах.

Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013