ЦЭН ТОГОРУУ
Lat: Grus vipio Pallas, 1811
Баг: Тогоруутан – Gruiformes
Овог: Тогорууныхан - Gruidae
Rus: Даурский журавль
Eng: White-naped Crane, Japanese White-naped Crane
Jap: Mana-zuru (マナズル)
Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “эмзэг” зүйлд хамаарна.
Таних шинж: Бие том, 136 см, цайвар хөхсаарал зүстэй. Толгой, шил цагаан. Цээж бараандуу. Дэвүүрүүдийн үзүүр хар. Дух, шанаа улаан. Хөл улаавтар. Хошуу бор шаргал. Залуу тогорууны зулай, шилэн хүзүү улбар шар өдтэй.
Тархац, байршил нутаг: БНХАУ-ын зүүн хойт хэсэг, ОХУ-ын Чит мужийн баруун хязгаар, Амар мөрний хөндийгөөр цөөхөн хос тохиолдоно. Онон, Хэрлэн, Улз, Халх, Багттах, Нөмрөг Хараа, Буур гол тэдгээрийн сав, Туул, Харвахын голын адаг, Булганы Айхан, Ховдын Хар ус нуур, Авдрант орчим нутгаар тааралддаг. Солонгос, БНХАУ, Япон улсын нутагт өвлийг өнгөрөөнө. Алаг өвст хээрийн голын нуга, зэгстэй нуур, голын дагуу өндөглөн зусна.
Амьдралын онцлог: Өвөлжсөн газраас III сарын сүүл, IV сарын эхээр анхны сүрэг, хосууд ирж эхэлнэ. Үржилд 3-4 нас хүрч орно. Дов сондуулын дунд 50-80 см өргөн үүрээ хагдарсан өвсөөр засч, IV сарын сүүл, V сарын эхээр 90.5 х 60.3 мм хэмжээтэй, улбардуу бүдэнтэй 2 өндөг гаргана. Орооны үедээ хосууд чанга дуугарч, тонгочиж, цовхчиж наадна. Өндгөө ихэвчлэн эм нь дарж, 30 гаруй хоногт дэгдээхий болгоно. Анхлан хагарсан өндөгний дэгдээхий үүрээ орхин холдоход хосууд дагаж, үлдсэн өндөг эзэнгүйднэ. Дэгдээхий шавж, хорхой, ургамлын үндэс, нахиагаар хооллон VIII сарын дундуур нисэх чадвартай болно. Үүрлэсэн, зуссан шувууд IX сараас сүрэглэж эхэлнэ. Алсын нүүдэл IX сарын сүүл, X сарын эхээр явагдана. Хятадын нутагт өвөлжинө.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Дэлхийд 2.5-3 мянга орчим бий. Улз голын дагуу 1990 оны VII сард 189, 1991 оны IV сард Хэрлэнгийн Сүмийн цагаан нуур, Улз голын дагуу 51, 1992 оны VII сарын сүүлч, VIII сарын эхээр Улз, Ямалх голд 161, 1993 оны VIII сард Хэрлэн голын дагуу Чойбалсан хот хүртэл 20, 1994 оны IV сүүлчээр, V сарын эх хүртэл Хурхын гол Биндэр нуур, Цэгээний нуур, Онон Бархын цутгал, Шуусын гол, Улз, Дөч, Ямалхын гол дагуу 191, 1994 оны VII сүүлч, VIII сарын эхээр Улз, Онон голоор 246 бие гүйцсэн тогоруу, 29 дэгдээхий бүртгэв. 1994 оны IX сард Улзын савд 2500-3000 толгой цэн, хар тогорууны нийлмэл сүрэг тааралдсан байна. Монголд 800 орчим толгой зусч өндөглөдөг. Сүүлийн жилүүдэд энэ шувууны үүрлэх нутаг манай орны баруун хойш тийш тэлж, Айхан нуурын хөндий, Тэшигийн олон нуур, Тарвагатайн, Хужирын нууранд өндөглөх болсон. 2013 оны 9-р сарын эхээр Айхан нуурын хөндийд 36 тогоруу таарч байв. Үржлийн хугацаанд олонтоо гардаг хээрийн түймэр, чоно, нохой, ойн солонго, бүргэд, хар ба хон хэрээ өндөг, дэгдээхийд онцгой аюул учруулна.
Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2001 оны 164 дүгээр тогтоолоор ховор амьтны жагсаалтад, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн I хавсралтад , Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенцийн II хавсралтад, Монгол улсын Улаан ном, Азийн ховор шувуудын Улаан номонд тус тус бүртгэсэн. Байршил нутгийн тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авсан. Онон, Улзын голыг нутгийн иргэдээр амьдрах орчныг хамгаалуулах ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), орон нутгийн төрийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Хамгаалах арга хэмжээ: Нэн ховор амьтны жагсаалтад бүртгүүлэх, байршил нутгийн хамгаалалтыг сайжруулах, өндөглөн зусдаг байршил нутгийн хүн, малын сөрөг нөлөөллийг бууруулах, хамгаалах сурталчилгаа хийх.
Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013
Цэн тогоруу нь Монгол орны Хэнтий, Дорнод аймгийн Онон, Улз, Халх, Хэрлэн голын сав газрууд, Цагаан-Овоо сумын Баянбүрд, Хүрээт нуур, Холбоот нуур зэрэг газраар зусдаг, агнахыг хориглосон, нэн ховор зүйл. Аль болох хүн амьтан хүрэх боломж багатай намаг, нуурын арал, голын хөндийн өндөр өвстэй зэгс шагшуурга бүхий газрыг сонгож амьдрах дуртай. Монголд 4-р сарын эхний 10 хоногт нүүдэллэн ирж зусдаг бөгөөд намрын шувууд шиг сүрэглэн шуугидаггүй. Хосууд шууд өөр өөрсдийн өмнө нь өндөглөж байсан газраа очдог. Хэрэв тэнд өндөглөх боломжгүй бол шинэ газар сонгоно. 5-р сарын эхээр өндөглөж, 1 сар орчим өндгөө дарж дэгдээхэй болгоно. 9-р сарын дунд үе гэхэд дэгдээхэй нисэх чадвартай болчихсон байна. 8-р сарын сүүлчээс эхлэн 10-р сарын эхэн хүртэл нүүдлийн өмнөх цуглаан болдог. Цугларах газраа сонгохдоо аль болох идэш тэжээл элбэг байх тариан талбайд ойрхон нуур намаг, нуга бүхий газрыг сонгоно. Дараа нь Япон Солонгос руу өвөлжихөөр явдаг. Сүүлийн 20 жилийн судалгаанаас үзвэл, жигд өсөлт байхгүй боловч зарим хуурайшилттай зун тоо толгой нь буурах хандлагатай байгаа. Монгол оронд нийтдээ 1000 гаруй цэн тогоруу бий гэсэн судалгааны тоо баримт байдаг.
ТОГОРУУНЫ БАЯР: Монголд болон дэлхийн хэмжээнд ховордож байгаа цэн тогоруу, түүний амьдралын орчин болох ус намгархаг газрын хамгааллыг сайжруулах, нутгийн иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх, Хурх-Хүйтэний хөндийн ховор зүйл шувуудын нутгийн хамгаалалтыг нутгийн иргэдтэй хамтран хэрэгжүүлэх, тухайн бүс рүү чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүрийн 7 дугаар сарын сүүлчээр “Тогорууны баяр”-ыг 3 өдрийн турш зохион байгуулдаг. Тус баярыг БОАЖЯ, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар дэмжиж оролцдог ба Зэрлэг амьтан судлан хамгаалах төв болон Олон улсын Тогорууны сангаас хамтран зохион байгуулдаг.
Мөн “Тогорууны баяр”-ын үеэр дараах үйл ажиллагаа, лекц сургалт, дадлага аяллууд явагддаг.
Шувуу ажиглагч жуулчид та бүхэн тус баярт оролцох боломжтой бөгөөд 7 дугаар сарын сүүлчээр аяллын хөтөлбөрөө тааруулж болно.