Тогоруу (Цагаан тогоруу)

ЦАГААН ТОГОРУУ

Lat: Grus leucogeranus Pallas, 1773

Баг. Тогоруутан - Gruiformes

Овог. Тогорууныхан - Gruidae

Rus: Стерх, Белый журавль

Eng: Siberian White Crane (Great)

Jap: Sodeguro-zuru (ソデグロズル)

Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “устаж байгаа” зүйлд хамаарна.

Таних шинж: Бие том, 1200-1400 мм өндөр, дун цагаан зүстэй. Далавчны үзүүр хар. Нүүр, хошуу, хөл улаан. Эр нь эмээсээ арай том. Залуу тогоруу улаан туяатай, цагаан өдтэй.

Тархац, байршил нутаг: Обь мөрний дунд хэсэг, Якутын зүүн хойд нутагт өндөглөж зусдаг. Якутад Яной голоос дорно зүгт Алазе голын хоорондох өргөн уудам нутагт байршдаг шувуу. Монголын нутгийг дайран өнгөрч, зусдаг. Хятадын Хөх мөрний адагт өвөлжинө. Буур, Тарь нуур, Бүхэгийн голд хавар тэмдэглэсэн. 1981, 1988 оны зун Улз голын сав, 1994 онд Өгий нуурт зусаж байжээ. Сүүлийн 5 жилд Биндэрийн нуур, түүний орчим нутгаар 8-10 толгойгоор зуны улиралд байнга тохиолдох болсон.

Амьдралын онцлог: Якутын тундр дахь үүрлэх биотоп үй түмэн жижиг, том нуурууд бүхий чийглэг тундр бөгөөд эргэн тойрон шилмүүст ойгоор хүрээлэгдсэн байдаг. Ихэвчлэн 2 өндөг гаргана. Монголд IV сарын сүүлч, V сарын эхээр нүүдэллэн ирж, зэлүүд нутагт зусна. Их төлөв эргээрээ зэгстэй, намгархаг нуур болон голын хөндийн өтгөн өвстэй чийглэг нугад тохиолдоно.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Якутад 840, Обь мөрний савд 50 орчим байдаг. Маш ховор тохиолдоно. Өгий нуурт 5 бүртгэгдсэний нэг нь нялх төл байжээ . Монголд оронд зусдаг учраас тархац нутагт нь мал, хүний нөлөө тайван байдлыг алдагдуулна.

Хамгаалсан байдал: 1995 оноос агнахыг хуулиар хориглон дархалж, Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэж, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцийн I хавсралт, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенцийн I, II хавсралтад, Монгол улсын Улаан ном (1987,1997), 2001 оны Азийн Улаан номонд тус тус оруулсан. Байршил нутгийг улсын тусгай хамгаалалтад хэсэгчлэн авсан.

Хамгаалах арга хэмжээ: Байршил нутгийн хамгаалалтыг холбогдох хууль конвенцид нийцүүлэн хамгаалалтыг сайжруулж, сурталчилгаа хийх.

 Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013