Lat: Falco cherrug (Gray, 1834)
Mon: Идлэг шонхор
Rus: Балобан
Eng: Saker Falcon
Jap: Seeka-hayabusa(セーカーハヤブサ)
Falco гэдэг нь falx, falcis буюу “гар хадуур” гэсэн латин үгнээс үүдэлтэй үг билээ. Шонхорын гол зэвсэг болох хумс нь гар хадуур шиг хэлбэртэй байдгаас ингэж нэрлэсэн ажээ. Cherrug нь эм шонхор гэсэн энэтхэг үгнээс үүссэн латин нэр юм. Аль ч зүйлийн эм шонхор эр шонхороос бие том, хүчирхэг байдаг учир монголчууд эртнээс нааш ан авд сургаж иржээ.
Идлэг шонхорын экспорт: Үлийн цагаан оготноор хооллодог шонхорууд зуу зуугаараа гадаадад худалдагдаж байна. Нэг шонхорыг Монгол улс 10.000 ам.доллараар үнэлэн арабуудад зардаг боловч тэдний нутагт зарим шонхор үнэ хаялцах худалдаагаар 330.000 ам.доллар хүрдэг гэсэн мэдээ бий. Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрлөөр далайлгасан Арабын шувууны наймаачид Монгол нутагт дураараа аашилсаар 20 орчим жил болжээ. Гаалийн байгууллагын мэдээнд жилд 300-400 гадагш гаргадаг тухай мэдээ бий. ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судалгаа тооцоогоор экспортлох шонхор нь нийт шонхор шувууны гурван хувиас хэтэрч болохгүй гэнэ. Энэ дүгнэлтээр бол жилд 180 хүртэл идлэг шонхор экспортлох боломжтой.
Жил бүр хэдэн зуугаар нь гаргах нөөц Монголд байна уу? 1970-аад онд 20 мянга, 1995 онд 10 мянга тоологдсон шонхор 2002 онд 6000 болж буурсан. Харин 2017 онд 4000. Монгол орон идлэг шонхорын хувьд үржлийн чухал нутаг бөгөөд тэд 2-3 насандаа үржиж эхэлдэг. Арабын наймаачид 1-2 настай эм шонхор буюу хамгийн чадалтай, үржлийн насны шувуудыг шилж барьдаг. Жилд 300 шонхор гадагш гаргахын тулд 1000 шонхор шувуу барьж байгааг судлаачид, шонхор барихад оролцдог иргэд ярьдаг. Шилж сонгохын тулд барьсан шувуудаа олон хоног гар дээрээс хооллон, хүлээ баглаатай байлгадгаас цаашид байгальд бие даан амьдрах чадвараа алдах, олон хоногийн “хорионы” дараа ихэнх нь үхдэг байна. Нэг отог 30 шонхор барилаа гэхэд түүнээс хоёрыг нь сонгон авах жишээтэй. Түүний золиосонд өгөөш болсон 200 тагтаа бас үрэгдэнэ.
Өгөөшинд орсон шонхруудаас буцааж тавихдаа далавчнаас нь гол хүчтэй өдийг сугалан авч хаядаг байна. Ингэснээр уг шувуу тэдний дараа дараагийн өгөөшийг булааж саад болж чадахгүй болдог аж. Шонхор шувуу хорогдох бас нэг шалтгаан нь өндөр хүчдэлийн шон дээр үүрлэж богино холбоо үүсгэж цахилгааны саатал гаргах, шонг гэмтээдэг зэргээс үүдсэн хорогдол юм. Нэг трансформаторын дор гэхэд 6 шонхор үхсэн тохиолдол ч байна. Орон нутгийн монтёрууд шонхорын үүрийг авч хаяхдаа заримыг нь ангаахайтай, заримыг нь өндөгтэй нь хаясан жишээ ч байсан. Шонхор шувууны өндөгний 30% л амьдрах чадвартай, ниссэнээсээ хойш бас 20% нь хорогддог аж.
Монголын шувуу судлаачид АНУ-ын Биологийн хүрээлэнтэй хамтран төсөл хэрэгжүүлж зүүн аймгуудад 100 гаруй хиймэл үүр тавьж өгсөн бөгөөд тавьсан үүр болгонд шонхор үүрлэжээ. МУИС-ийн багш оюутнууд Дундговь, Дорноговь, Хэнтий аймгийн нутгаар 70 гаруй хиймэл үүр нэмж тавьсан байна. Идлэг шонхор нь голчлон үлийн цагаан оготноор хооллодог бөгөөд заавал амьд хоол барина. Үлийн цагаан оготно элбэгтэй газар үүрлэсэн идлэг шонхорын таван ангаахайтай нэг хос өдөрт 9-12 үлийн цагаан оготно үүрэндээ авчирдаг байна.