Бүргэд (Цагаансүүл нөмрөгбүргэд)

ЦАГААНСҮҮЛ НӨМРӨГБҮРГЭД

Lat: Haliaeetus albicilla (Linnaeus, 1758);

Баг: Шонхортон – Falconiformes;

Овог: Харцгайхан – Accipitridae

Rus: Орлан-белохвост

Eng: White-tailed Eagle

Jap: Ojiro-washi (オジロワシ)


Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “ховордож болзошгүй” зүйлд хамаарна.

Таних шинж: Бие 70-100см, далавч 2-2.4 м урт, 3-6.5 кг жинтэй. Эм нь эрээсээ биеэр том.Нас гүйцсэн бодгаль хүрэн, хошуу шар, сүүл цагаан.Залуу бодгалийн сүүл арай бараандуу байснаа цагаан болно.

Тархац, байршил нутаг: ОХУ, Баруун Европд Унгар, Румын, Исланд, Гренланд, Бага Азийн Ирак, Иранаар тархсан. Өмнөд Европ, Египет, Энэтхэгийн хойг, БНХАУ, Япон, Солонгост өвөлжинө.Монголын томоохон нуур, голын саваар байршиж, хааяа өвөлжинө.Айраг, Хар ус, Хар, Ачит, Өгий, Орог нуур, Онон, Тамир, Шишгэд, Булган гол Сэлэнгэ мөрөнд тааралдана.1975-1994 онуудад 30 гаруй бодгаль бүртгэв.Сүүлийн үед Үүр, Эг, Тарвагатай, тэдгээрт цутгадаг голуудыг саваар тоо толгой нь нэмэгдэж байгаа.Богд уул, Эгийн савд өвөлжинө.

Амьдралын онцлог: Монголд хагас суурин байдлаар нүүдэллэн амьдардаг. Ихэвчлэн хоёр өндөг гарган, сар орчим дарж, ангаахай болгоно.Бүдүүн модны дунд хэсэгт, эсвэл хадан хясааны ирмэг тавцан дээр модны мөчир, хатсан өвсөөр нүсэр том үүр засдаг.4-5 настайдаа бие гүйцнэ.Загасаар баян усны шувуу өндөглөдөг нуур гол, өндөр мод, хадан цохиотой газар тохиолдоно.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Нөөцийг тогтоогоогүй. Байршил нутгийг доройтуулж, үүр, өндгийг сүйтгэснээс тоо толгой цөөрөх хандлага гарч байна.

Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн I хавсралт, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенцийн I, II жагсаалт, Монгол улсын улаан номонд (1987, 1997) тус тус оруулж, байршил нутгийг улсын тусгай хамгаалалттай газарт хэсэгчлэн авсан.

Хамгаалах арга хэмжээ: Нөөц, биологийг судлах, хамгаалалтын менежментийг сайжруулах, сурталчилгаа хийх.

Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013