БИЧИЛ ОДОЙБУХ
Lat: Ixobrychus minutus (Linnaeus, 1766);
Баг: Өрөвтастан – Ciconiiformes;
Овог:Дэглийхэн – Ardeidae)
Rus: Малый волчок, Малая выпь
Eng: Little Bittern
Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “ховордож болзошгүй” зүйлд хамаарна.
Таних шинж: Биеийн урт 27-36см. Бие гүйцсэн эрийн толгойн орой, дагз, нуруу хөхвөр туяатай хар, хоолой, цээж, хэвлий, далавчны дээд бүрхүүл улбар шаргалдуу өнгөртэй цайвар шаргал. Толгой, хүзүү нарийхан. Нэгдүгээр зэргийн дэвүүр өд хар. Далавч хөх саарал. Суга цагаан. Эмийн нуруу судал толбо ихтэй бараавтар хүрэн бор. Цээж, хэвлий улбардуу хүрэн, цайвар шаргал, хар нарийн тууш судлуудтай. Залуу нь бие гүйцсэн эмтэй төсөөтэй ч биеийн доод хэсэг тууш судал ихтэй, арай бүдэг зүстэйгээрээ ялгарна. Хошуу шар ногоон, саарал.
Тархац, байршил нутаг: Хар ус, Хар, Хяргас, Айраг нуур, Ховд голын бэлчирийн зэгстэй хэсэгт үүрлэнэ. Нүүдлийн үедээ Увс нуур, Тэсийн голын бэлчир, Халх, Дэгээ, Нөмрөг, Азрага, Галдастайн гол, Буйр, Хонхор, Ташгайн таван нуурын хөндийн зэгс шагшуургатай орчинд тохиолдоно. Нүүдлийн тэнэмэл бодгалиуд Төв аймгийн Батсүмбэрийн Үдлэг, Говийн зарим баян бүрдэд тэмдэглэгдсэн тухай мэдээ бий.
Амьдралын онцлог: Монгол орны хувьд нүүдлийн өндөглөдөг зүйл. Манай оронд үржлийн болон нүүдэллэж буй бодгалиуд IV сарын сүүлч, V сарын эхээр ирнэ. Үржлийн хосууд V сарын сүүлч, VI сарын эхээр зэгс, бутлаг ургамал, намгийн үетэнтэй нуур, гол, цөөрөм орчимд байршиж, үүрээ битүү зэгс дунд газар дээр, эсвэл зэгс дотор хөвмөл нягтарсан ургамал дээр зэгс, усны ургамлаар засна. Бүүдгэр цагаан өнгөтэй ихэвчлэн 5-6 өндөг гаргаж 16-19 хоног дарна. Ангаахайгаа усны сээр нуруугүйтэн, жижиг загас, хоёр нутагтан зэргээр үүрэндээ 7-9 хоног хооллоно. Ангаахай өндөгнөөс гарснаас хойш нэг сарын дараа ниснэ. Манай оронд үүрлэсэн болон дайран өнгөрч буй бодгалиуд гол, нуур, цөөрмийн хөндийн зэгс, өндөр ургамалжилт, буттай хэсгээр голчлон ганцаараа VIII сарын сүүлч, IX сарын эхээр тохиолдоно.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Малын тоо олшрох, дэлхийн уур амьсгалын дулааралт, хуурайшилтай холбоотой ус, намаг ширгэснээр түүний амьдрах орчин ихээр доройтож, бэлчээрийн талхагдалт, Дөргөн, Тайширын усан цахилгаан станцын нөлөөлөх усны бохирдол нэмэгдэх, томоохон нууруудад загасны тор ашиглан загасчлах, шувууны ханиад зэрэг халдварт өвчин, саарал чоно, нохой, элбинх зэрэг махан идэшт амьтад тоо толгойд дам болон шууд замаар сөргөөр нөлөөлнө.
Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн. Үржлийн болон нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг газар нутаг нь Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенцид Хар ус, Айраг, Буйр зэрэг нууруудыг хамруулсны зэрэгцээ улсын тусгай хамгаалалттай газарт хэсэгчлэн хамруулсан.
Хамгаалах арга хэмжээ: Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд байрших шувуудын хамгаалалт менежментийг сайжруулах, бүсчилсэн мониторингийн судалгаа явуулах, үржлийн биологи, нүүдэл, шилжилт, хорогдлыг судлах, сурталчилгаа хийх.
Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013