Бухшувуу (Усны бухшувуу)

УСНЫ БУХШУВУУ

Lat: Botaurus stellaris Linnaeus, 1758;

Баг: Өрөвтастан – Ciconiiformes;

Овог: Дэглийнхэн – Ardeidae)

Rus: Большая выпь

Eng: Eurasian Bittern, Great Bittern 

Jap: Sankano-goi (サンカノゴイ)


Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “ховордож болзошгүй” зүйлд хамаарна.

Таних шинж: Биеийн урт 76см, том биетэй, харьцангуй богино хөлтэй, хүчирхэг урт, шаргал хошуутай шувуу. Далавчны дэлгээн урт 117см. Эм арай бага. Нуруун тал хар бөгөөд шаргал эмжээртэй өдүүдтэй, толгойн дээд тал мөн тийм хар. Сүүл богино, шаргал хүрэн, дээрээ хөндлөн хар судалтай. Биеийн ерөнхий зүс зэгсний сүүдэрлэгдсэн хэсгийн өнгөнд зохицсон.


Тархац, байршил: Энэ шувууны үүрлэх нутаг Баруун Европоос дорно зүгт Сахалин ба Японы арлууд хүрнэ. Өмнөдрүү Африкийн урд үзүүр, умардад тундрын бүсийн өмнөд хил хүртэл тархана. Газар дундын тэнгис, Дорнод ба Төв Африк, Энэтхэг, Бирм, Зүүн өмнөд Хятадад өвөлжинө. Манай орны эргээрээ өтгөн шигүү зэгс, хулстай Орог, Бөөнцагаан, Дөргөн, Хар, Хар ус, Айраг, Увс, Хөвсгөл, Буйр, Ташгайн таван нуур зэрэг бараг бүх том, жижиг нуурууд, Завхан, Ховд, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх, Нөмрөг, Дэгээ, Азарга гол зэрэг голын сав нутгаар амьдрах бөгөөд үүрлэж өндөглөнө.


Амьдралын онцлог: Өтгөн шигүү зэгс, хулстай нуурын хулсны гүнд амьдарна. Хосоороо үүрлэнэ. Заримдаа нэг эр шувууны эзэмшил нутагт 3 эм шувуу үүрлэх тохиолдол бий. Янз бүрийн ургамлын навч, ишээр харьцангуй том үүр засч 5-р сарын дунд үеэс 3-6 бор ногоон өндөг гаргана. Эм шувуу ганцаараа 21-26 хоног өндөг дарна. Бух шувуу үүрлэн амьдарч байгаа газартаа бух урамдах адил дуу гаргана. Энэ дуу 1-2км алсад сонсогдоно. Хулсан дунд ангуучлан отож зогсохдоо хошуугаа дээш өргөн, түүний хоёр хажуугаар харж байдаг. Зэгс хулс салхинд найгавал дагаж найгадаг тул тэр болгон бусдад ажиглагдахгүй. Жижиг загас, хоёр нутагтан, усны шавж, бусад сээр нуруугүйтнээр хооллоно.


Тоо толгой, хомсдох шалтгаан: Олон жилийн дараалсан ган, нуурын эргийн бэлчээр талхагдалт, үржлийн нутгийн тайван байдал алдагдах, ус нуурууд хатаж ширгэх зэргээс шалтгаалан тархац нутаг, үржих газар хомсдох болсон.


Хамгаалагдсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн. Тархац нутгийн тодорхой хэсэг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамрагдан хамгаалагдсан.


Хамгаалах арга хэмжээ: Үржлийн нутгийн тайван байдлыг алдагдуулахгүй байх. Нуур, голын эргийн хамгаалалтын бүс тогтоож, мал бэлчээрлүүлэхгүй байх, холбогдох олон улсын конвенцуудын хавсралтад бүртгүүлэх, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг сайжруулах, тоо толгойг нарийвчлан тогтоох.


Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013