Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн.
Таних шинж: Шивэр хандгайнаас арай бага. Биеийн урт 276 см, сэрвээний өндөр, 195 см, жин 400 кг хүрнэ. Ерөнхий зүс жигд бараан, мөчид арай цайвар. Эвэр жижиг, хөнгөн, бугынхтай төстэй.
Тархац, байршил нутаг: Хятадын зүүн хойд нутаг Их хянганы нуруу, ОХУ-ын Амар, Уссурийн хязгаар, Тэнгис хавийн нутгаар байршина. Халх гол, түүний цутгал Дэгээ, Нөмрөг голын савд тархсан Хүйтэн, сэрүүний улиралд баруун тийш Гүү азрагын манхан, Авдрантын булаг хүртэл үзэгдэнэ. Зун татмын бургас, монос, өрлөг зэрэг бутан шугуй бүхий өтгөн өндөр өвс зэгстэй намаг нугад идээшилнэ. Өвөл нарсан төгөл, мод сөөгт элсэн довцог, хоолойн зэгс, шугуйд нутаглана.
Амьдралын онцлог: Ороо нийлэгт IX сарын сүүлээр орж, V сарын эцсээр 1-2 ходол төрүүлнэ. Орооны үед мэнж 1-2 сүндэс дагадаг. Орооноос бусад үед мэнж ганцаар явна. Сүндэс, ходол, залуу эр, эм 6 бодгаль хүртэл толгойгоор сүрэглэсэн байдаг. Улирлаар нутаг бэлчээрээ ойр зуур сэлгэнэ. Зун мараанд ирнэ.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Манай оронд 1970-аад онд Нөмрөг гол, Соёлз уул хавьд 1000 га талбайд 3-4 толгой байснаа, 1990-ээд оны эхээр нийт тархац нутагтаа 70-80 толгой орчим байв. Нөмрөгийн дархан газарт 2004 онд 73 бодгаль байсан. Байршил нутаг, тэжээлээр халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахайтай давхцана. Чоно төл, бор гөрөөс, зэрлэг гахайтай давхцана. Чоно төл, залуу хандгайг барьж идэхээс гадна, ялангуяа цас ихтэй өвөл бие гүйцсэн эр эмийг хорооно. Хулгайгаар агнадаг. Тоо толгой өсөхгүй байгаагийн шалтгаан тодорхойгүй. Устах аюулд орсон зүйл.
Хамгаалсан байдал: 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэсэн. Монгол улсын улаан ном (1987, 1997)-нд оруулсан. Тархац нутгийг Нөмрөгийн дархан цаазат газарт хамруулсан.
Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц, биологийг судалж, тархац тоо толгойд нөлөөлж буй хүчин зүйлийг тогтоох, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн I хавсралтад оруулах, хууль бус агналтыг таслан зогсоох хяналтыг сайжруулж, сэргээн нутагшуулах, удмын санг хадгалах.
Эх зохиол, мэдээ:1. Clark нар, 2006, 2.Гептнер нар 1961, 3. Шагдарсүрэн, 1969,
4. Шагдарсүрэн нар, 1974, 5. Засгийн газрын тогтоол, 2012, 6. Намнандорж, 1976,
7.Шийрэвдамба нар, 1997, 8. Цэвээнмядаг, Мөнхсайхан, 1993, 9. Монгол улсын
тусгай хамгаалалттай газар нутаг, 1994. Эх сурвалж: Монгол улсын "Улаан ном", 2013