Амгалан-Энх хаалга буюу Андимэн

Андимэн буюу АМГАЛАН – ЭНХ хаалга: YIII Богд гэгээнийг “Шашныг мандуулагч, олныг жаргуулагч, шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт эзэн, наран гэрэлт, түмэн наст Богд хаан” хэмээн өргөмжилж, Богд Хаант Монгол Улсыг байгуулсан явдалд зориулан энэхүү хаалгыг 1912 – 1919 онд ард түмний өргөл хандиваар бүтээжээ. Зоригт Баажав, Санжид, Тээжаан нарын уран барилгачид 8 багана тулж, 7 давхар дээвэртэйгээр, хадаас хэрэглэлгүйгээр, 108 оньс углуургын аргаар барьсан гэдэг. Амгалан – Энх хаалга дэлхийд 5 бүтээгдсэний нэг нь ийнхүү Богд хааны ордны өмнө сүндэрлэжээ. Харин үлдсэн 4 нь Манжийн эзэн хааны ордны өмнө, баруун, хойд, зүүн 4 талд байдаг ажээ.

 

Тус хаалганы нүүрэн талд “Буддын шашныг хамгаална” хэмээн бурхан багшид ам тангараг өргөсөн “Дөрвөн их махранз” болох цагаан лагшинт Ёлхорсүрэн, улаан лагшинт Жамийсан, хөх лагшинт Пагжийбуу, шар лагшинт Намсрай бурхад дүрслэгдсэн. Махранз гэдэг нь “Махаража” хэмээх санскрит үг бөгөөд монголоор “Их хаан” гэсэн утгатай ба сүм хийдийг гадаад дотоодын саад тотгороос хамгаалан сахиж байдаг. Мөн хаалганы дотор ба гадна талд Тансан ламын үлгэр, Гэсэрийн туужаас сэдэвлэсэн зураглал, Тумбааш буюу эвтэй 4 амьтан, шашны 8 тахил зэргийг дүрсэлжээ.

Хаалганы дээврийн оройд эр эм хос буга буюу бодь гөрөөс, тэдгээрийн голд амьдралын хүрд болох хоролыг алтдаж бүтээсэн. Бурхан багшийг гэгээрэлд хүрэхэд хамгийн түрүүнд ирж сургаалийг нь сонссон амьтан бол бодь гөрөөс хэмээдэг. Бодь гөрөөс нь амар амгалан, төгс жаргаланг илэрхийлнэ. Хүний амьдрал тасралтгүй эргэдэг гэдэг утгаар хорол хүрдийг сүмийн гол чимэглэл болгодог. Хүний сүнс мөнхийн тойрогт оршдог бөгөөд үйлийн үрээс шалтгаалан элдэв төрлийн биеийг олж дахин төрдөг гэдгийг илэрхийлдэг.

Дээврийн чимэглэлд эрх чөлөө, эрч хүч, эд баялаг, бат бөх, үнэнч сэтгэлийг бэлгэддэг АРСЛАН, эрэлхэг, омгорхог, эрх ямбыг илэрхийлдэг БАР, бугын эвэртэй, үхэр чихтэй, тэмээ шиг толгойтой, могой хүзүүтэй, загас шиг сайрстай амьтан болж тэнгэр газрыг төлөөлөн салхи, борооны хүч ба гол усны хүчийг агуулж байдаг ЛУУ зэргийг сийлбэрлэн бүтээсэн байдаг. Дээврийн үзүүрт унжиж байдаг хонх нь сүмийн үүд хаалгаар дуу чимээтэй хамт орж ирэх муу энергийг холдуулах үүрэгтэй.