Хүрэл тогоот дахь “Улаанбаатар одон орон судлах оргил”-д гараг эрхсийг өөрийн нүдээр дурандаж болно. Урьд нь энэ төвийн хаалга олон нийтэд нээлттэй бус байсан боловч эдүгээ геофизикийн судалгааны төвийн залуу эрдэмтэд иргэдээ одон орон судлалтай илүү ойртуулахын тулд тусгай хөтөлбөрийн дагуу аялал зохион байгуулж байна. Хөтөлбөрийн хүрээнд “Сансар од эрхэсийн ордон”-той танилцсаны дараа Хүрэл тогоот дахь “Улаанбаатар одон орон судлах оргил”-д очиж, өндөр хүчин чадал бүхий дурангаар нар, сар оддыг дурандаж үзэх боломжтой.
Нар дурандахыг хүсвэл өдрийн цагаар, сар болон од дурандахыг хүсвэл шөнийн цагаар аялах хэрэгтэй болно. Цэлмэг өдрийг сонгож аяллын захиалга өгөх нь чухал бөгөөд цаг агаарыг урьдчилан мэдэх хэрэгтэй. Аяллын хөтчийн хамт Хүрэл тогоотын амыг зорих замдаа Зайсан толгой, Их тэнгэрийн ам, Бага тэнгэрийн ам, Залаатын ам, Зүүн богинын амыг өнгөрч Хүрхрээтийн амаар тойрон урд зүг рүү эргэснээр “Улаанбаатар одон орон судлах оргил” байрладаг уулын энгэрт хүрнэ. Ууланд сэрүүхэн учир дулаан хувцас, хувийн бэлтгэлээ сайтар хангах шаардлагатай.
Зочдод сансар судлалын тухай цогц мэдлэг олгохын тулд богино хэмжээний сургалт лекцийг танилцуулж, дурандах гэж буй зүйлсийнх нь тухай тодорхой ойлголт өгдөг. Хөтөлбөрт зөвхөн өндөр хүчин чадалтай дуран, сургалт лекц төдийгүй тэмээн хад руу алхах явган аялал багтана.
Өдрийн цагаар аялж, нарыг дурандаад оройдоо хот руу буцаж болох бол сар, оддыг харахын тулд шөнийг хүлээх хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ хамт ая тухтай аялахыг хүсч байгаа зочид “Одон орон судлах оргил”-ын дэргэдэх амралтын өрөөнд захиалга өгч болно.
Хаяг: Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол, Ж.Лхагвасүрэнгийн гудамж-42, Шинжлэх ухааны академи одон орон, геофизикийн судалгааны төв
Утас: 480292