2001 онд яруу найрагч Ш.Уянга агсан Гэрлэх ёслолын ордны дарга асан Х.Оюунчимэгтэй ярилцаж суухдаа ийм сайхан энерги цацруулсан ордныхоо дэргэд хайрын бэлгэдэл болгож хосын хөшөө байгуулах санал гаргажээ. НИТХ-ын 93 дугаар тогтоолоор “Хайрын бэлгэдэл Монгол хос”-ын хөшөөг өөрсдийн хөрөнгөөр босгох эрхийг “Гэрлэх ёслолын ордон”-д олгосон байна.
Монголын сонгодог зохиол “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн Нансалмаагийн хайрын бэлгэдлээр төсөөлж баримал бүтээх уралдаан зарлахад 20 гаруй бүтээл ирсний дотроос уран баримлын чиглэлээр суралцаж байсан оюутан А.Отгонбат, Ж.Баярсайхан, Т.Говьсайхан нарын хамтын бүтээлийг шалгаруулан сонгож бүтээлгэжээ. Хөшөөний утга агуулга нь хайр сэтгэлтэй хосууд ханилан суухын тулд ямар ч саад бэрхшээлийг туулан гарч амьдралаа холбож болохыг бэлгэдсэн ажээ. Энэхүү хөшөө нь Нийслэлийн түүх соёлын үл хөдлөх дурсгалд хамаарах ба Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутагт Гэрлэх ёслолын ордны өмнө байрладаг.