Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газруудын нэг бөгөөд Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутагт, ШУА-ийн харъяа Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний талбайн чанх урд залгаа байрладаг. Тус цэцэрлэгийн хойд төв хэсэгт 1921 оны Ардын хувьсгалыг удирдсан анхны долоо буюу Догсомын Бодоо, Солийн Данзан, Дамдины Сүхбаатар, Дамбын Чагдаржав, Дансранбилэгийн Догсом, Хорлоогийн Чойбалсан, Дарьзавын Лосол нарын хөшөөг байгуулж, тэдний унаж явсан морьдын хөшөөг зүүн талд нь байрлуулжээ. Хувьсгалын анхны долоо нь 1919 онд байгуулагдсан Консулын бүлгэм ба Зүүн Хүрээний нууц бүлгэмийн гишүүд байсан ба 1920 оны 7-р сард Зөвлөлт Орос Улсаас тусламж хүсэхээр эдгээр 7 хүн ээлж дараалан явцгааж байжээ. Цэцэрлэгийн төвд жанжин Д.Сүхбаатарын хөшөөг залсан байх ба тус газарт түүний эцэг цагаан дээлт Дамдины гэр байсан ажээ. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны үүдийг эртний сүм хийдэд байх Асарт хаалга хэлбэртэйгээр бүтээн байгуулсан байна.
Тус хөшөөг Д.Сүхбаатарын мэндэлсний 100 жилийн ойгоор буюу 1992 онд Ц.Ванчигийн зураг төслөөр босгожээ. Цагаан дээлт Дамдиных Сэцэн хан аймгийн одоогийн Сүхбаатар аймаг нутгаас 1890 онд Их Хүрээний зүүн дүүрэг Элбэг Амгалант гацааны Гаалийн гудамжинд Яатуу Даваагийн хашаанд бууснаас хойш 3 жилийн хойно 1892 онд хүү Сүх энд төржээ. 1924 онд Улиастайн голын Улаан довын лус тахих үеэр эх Ханд хүү Сүхийг төрүүлсэн газрыг Амгалан дахь хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүдэд зааж өгсөнөөр тэнд чулуун овоо босгон тэмдэглэсэн гэдэг. Эдүгээ тэрхүү тэмдэглэж үлдээсэн чулууны оронд Д.Сүхбаатарыг суугаа байдлаар дүрсэлсэн хөшөөг тавьж, гэрэлт хөшөөг зүүн талд нь байрлуулсан байна.