1934 оны 3 дугаар сарын 26-нд ЗХУ-ын хөрөнгөөр байгуулагдсан бөгөөд Арьс ширний завод, ноос угаах завод, цэмбэний фабрик, нэхий эдлэлийн үйлдвэрээс бүрдэж байжээ. 1935 онд ЗХУ-аас Монголын өмч болгон үнэ төлбөргүй шилжүүлсэн байна. Арьс ширний завод нь арьсыг шохойдох, идээлэх, гүйцэтгэх гэсэн гурван дамжлага цехтэй байжээ. Ийнхүү Монголын үндэсний үйлдвэрлэлийн анхны суурь тавигдсан бөгөөд аж үйлдвэрийн комбинатыг өргөтгөх, шинээр үйлдвэрүүд нэмж байгуулах ажил 1950 оны сүүлчээр эхэлжээ.
Ширний үйлдвэр, Шевретийн үйлдвэр, савхин эдлэлийн оёдлын үйлдвэр, эрдэм шинжилгээ туршилтын төв, засварын төв зэргийг нэмж өргөжүүлсэн байна. 1972 онд Польшийн тусламжаар цавууны үйлдвэр, 1976 онд Булигаарын завод Чехийн туслалцаатайгаар бүрэн шинэчлэгдсэн. 1982 онд үслэг эдлэлийн үйлдвэр, гутлын үйлдвэр, савхин эдлэлийн үйлдвэр зэргийг ашиглалтанд оруулжээ. Аж үйлдвэрийн комбинат нь 7000 гаруй ажилчидтай байсан бөгөөд дайны дараа японы олзлогсдоос 1000 орчим хоригдлыг нэмж ажиллуулж байсан түүхтэй.