Анх 1938 онд УБ-Налайх чиглэлд 43 километр урт, 750 миллиметрийн өргөнтэй нарийн төмөр зам тавигдаж уурын галт тэрэг явж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотын аж үйлдвэрийн байгууллага хүн амыг нүүрсээр хангах зорилготой байв. 1946 онд Монгол Зөвлөлтийн хооронд байгуулсан гэрээний дагуу Наушка-Улаанбаатарыг холбосон 400 километр урт төмөр замыг 1949 онд, Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон 700 километр урт төмөр замыг 1955 онд тус тус ашиглалтанд оруулжээ.
Орос Хятадыг холбосон УБ төмөр зам нь Евроазийн төмөр замын сүлжээний хамгийн дөт зам юм. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг байгуулах төсөл 1948 онд хийгдсэн. 1949 оны 6-р сарын 6-нд хоёр орны ЗГ хоорондын хэлэлцээр хийгдсэн бөгөөд Монголоос Ерөнхий сайд Маршал Х.Чойбалсан, Зөвлөлтийн талаас Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ю.Приходов нар гарын үсэг зурсан. 1949 оны 11-р сарын 7-ны өглөө 08.30 цагт анхны галт тэргийг хүлээн авах цуглаан болжээ.
1952 онд Зөвлөлт, Монгол, Хятадын гурвалсан хэлэлцээрт гарын үсэг зурсны үр дүнд 1956 онд БНМАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-аас БНХАУ руу аялах төмөр замын шууд харилцааг нээсэн. Түүнээс хойш Монгол улсын үйлдвэржилт бүтээн байгуулалтыг даган Дархан – Шарын гол, Салхит – Эрдэнэт, Багахангай – Багануур, Айраг – Бор-Өндөр, Сайншанд – Зүүнбаян, Эрээнцав – Баянтүмэн зэрэг салаа замуудыг байгуулж ашиглалтанд оруулжээ.
Өнөөгийн Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг нь 80 гаруй өртөө зөрлөг бүхий 1815 км урт төмөр замтай, 15 560 ажиллагсадтай. ОХУ болон БНХАУ-ыг холбосон гол төмөр замын нийт урт 1110 км. Суурь хүчин чадал нь жилд 22-23 сая тонн ачаа тээвэрлэнэ. Сүүлийн жилүүдэд Монгол улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага тавигдаж байна. Төмөр замаар тээвэрлэгдэх ачааны өсөлт сүүлийн жилүүдэд 9-13% өссөн байна. 2012 онд ачааны хэмжээ 20.4 сая тн, зорчигч тээвэр 4.0 сая зорчигч тээвэрлэсэн үзүүлэлттэй байна.
1951 онд төмөр замын сургууль комбинат байгуулагдаж, улмаар 1953-1954 оны хичээлийн жилд Төмөр замын техникум нээлтээ хийсэн. 1952-1957 онд 3500 шахам хүн төмөр замын мэргэжил эзэмшжээ. 1955 оны 12-р сарын 31-нд “Улаанбаатар ба Замын-Үүдийн төмөр зам”-ыг нээх ёслол болж, 1956 оны 1-р сарын 1-нээс Зөвлөлт, Монгол, Хятадын хооронд төмөр замын шууд харилцаа нээгдсэн тухай дэлхийн улс орнуудад зарлан тунхаглажээ. Хонхор, Налайхын 13.7 км төмөр зам1958 онд ашиглалтанд орсноор 1938 онд баригдсан нарийн царигийн 43 км замын үйл ажиллагааг 1958 оны 9-р сард тасалбар болгон хаажээ. Дархан Шарын голын 63.3 км салаа замыг 1963 оны 11-р сарын 4-нд нээв. 1967 оны 9-р сарын 20-нд УБ - Сүхбаатарын хооронд суудлын галт тэрэг өдөр бүр явж, уг цуваанд УБ Эрхүүгийн хооронд аялах зорчигч вагоныг залгажээ. Салхит - Эрдэнэтийн шинэ төмөр замыг 1975 оны 10-р сарын 04-нд нээсэн байна.
УБ - Москвагийн хооронд “Нарлаг Монгол” суудлын галт тэрэгний байнгын үйлчилгээгээ 1976 оны 5-р сарын 30-нд эхэлж анхны аялалд гарав. 1981 онд Хөтөл өртөөг ачилт буулгалтын зориулалттайгаар байгуулж нээв. 1981 онд Монголын газрын тосны орд газартай холбогдсон Сайншанд Зүүнбаяны 50 км зам, 1982 онд Багахангай Багануурын 97 км замыг ашиглалтанд оруулж, 1983 онд УБ-Чойр-Багануурын суудлын галт тэргийг явуулж эхэлжээ. 1984 онд Толгойт - Сонгины 20км зам, 1986 онд Мардайн 112 км замыг тус тус ашиглалтанд оруулжээ.
Төмөр замчдын хэвлэл “Найрамдлын зам” сонины анхны дугаар 1958 оны 1-р сарын 1-нд хэвлэгдсэн бол Төмөр замын ажилчид амрах зориулалттай 120 ортой Баянбуурал амралтын газрыг 1987 онд нээсэн байна.
1991 онд УБТЗ-ын ХЭГ-ын даргаар Р.Раш сонгогдож, УБТЗ-ыг удирдсан анхны Монгол мэргэжилтэн болов. 1993 оны 10-р сарын 04-нд Олон улсын тээвэр зуучлалын төв байгуулагдлаа.1994 оны 7-р сарын 03-нд Замын-Үүд – Эрээн өртөөдийн хооронд нарийн царигийн зам тавьж, Хятадын талаас ачааны галт тэргийг хүлээн авч, Замын-Үүдэд шилжүүлэн ачилт хийдэг болжээ. 1997 оны 9-р сарын 5-нд 180 мянган төмөр бетон дэр үйлдвэрлэх хүчин чадал бүхий Хөтөлийн төмөр бетон дэрний үйлдвэр ашиглалтанд орлоо. Уг үйлдвэр байгуулагдсанаар замын аж ахуйг бэхжүүлэх, хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтыг сайжруулах, тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж нээгджээ. 1999 онд өдөрт 8000 гаруй зорчигчид үйлчлэх багтаамж бүхий Орон нутгийн тасалбар түгээврийн төвийн барилга ашиглалтанд орлоо.
2004 оны 6-р сард зорчигч үйлчилгээний УБ өртөөнд нүхэн гарцыг ашиглалтанд оруулж, 2005 оны 5-р сард Монгол инженерүүдийн оюун ухаан, ур чадварын үр дүнд бүтээгдсэн 2 Загал 01, 02 илчит тэргүүд ачаа тээвэрт явж эхлэв. 2008 оны 11-р сарын 11-нд Замын-Үүд өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Замын-Үүд-2 өртөөг барьж ашиглалтанд оруулжээ. Монголын төмөр зам нь Орос Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмч бөгөөд “Найрамдлын зам” хэмээн нэрлэгддэг.
Улаанбаатар өртөө нь Монголын орон нутгийн болон олон улсын төмөр замын төв, хамгийн том өртөө юм. Монголын төмөр замын нийт урт 1200 гаруй километр бөгөөд Транс Сибирийн төмөр замын нэг хэсэг юм. Эдүгээ Монголын төмөр зам жилд ойролцоогоор 3.5 сая зорчигч, 16.8 сая тонн ачаа тээвэрлэдэг. Хамгийн урт цувааг 80 вагонтойгоор 2010 онд зохион байгуулжээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах