Шинжлэх ухаан технологийн их сургууль

1959 онд инженер техникийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор МУИС-ийн бүрэлдэхүүнд байгуулагджээ. 1969 онд МУИС-ийн харъяа Политехникийн дээд сургууль нэртэйгээр зохион байгуулж барилга, эрчим хүч, геологи-уул уурхай, механик инженер, инженер-эдийн засаг гэсэн 5 факультэт, мэргэжлийн 13 тэнхимийг үүсгэжээ. 1982 онд МУИС-ын бүрэлдэхүүнээс гаргаж бие даасан сургууль болгожээ. Тус сургууль нь 1959-1990 онд 12322 инженер техник, инженер эдийн засгийн мэргэжилтэнг бэлтгэн гаргажээ.

1990 онд Монгол улсын техникийн их сургууль, 2006 оноос Шинжлэх ухаан техникийн их сургууль болон зохион байгуулагдаж, Орхон, Дархан-Уул, Сүхбаатар, Өвөрхангай аймагт 4 технологийн салбар сургууль, хотод 13 салбар сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, 40 гаруй тэнхим, 650 гаруй эрдэмтэн багш,  21 мянган оюутан, 3 лицей сургууль бүхий томоохон их сургууль болон өргөжжээ. Эдүгээ ШУТИС-ийн бүрэлдэхүүнд Барилгын инженерийн, Геологи газрын тосны, Математикийн, Материалын технологийн, Компъютор техник менежментийн, Механик инженерийн, Уул уурхайн, Үйлдвэрлэлийн технологи дизайны, Мэдээлэл холбооны технологийн, Хүмүүнлэгийн ухааны, Хүнс биотехнологийн, Хэлний боловсролын, Эрчим хүчний инженерийн сургуулиуд байдаг.