1956 онд Нийслэлийн Хувьсгалт Залуучуудын эвлэлийн гишүүдийн санаачилгаар Залуучуудын ордон барих хөрөнгө хуримтлуулсан бөгөөд уг хөрөнгөөр барих ордны зураг төслийг архитектор Б.Чимэд, А.Хишигт нар зохиож, 1957 онд барилгын суурийг тавьж, 1960 оны 10-р сард ашиглалтад оруулжээ. Залуучуудын ордон барьсан энэ газарт Ардын засгийн Гаалийн хорооны уужим том хашаа байв. 1963 онд Улсын драмын театрыг Улсын дуурь бүжгийн театраас салган Залуучуудын ордонд Ардын дуу, бүжгийн чуулгын хамт оруулжээ. Энэ цагаас эхлэн тус барилгыг “Драмын театрын барилга” гэх болсон. Тус барилга нь 200 шахам өрөө тасалгаатай, 700-800 хүний суудалтай жүжгийн 2 танхим, 500 хүний багтаамж бүхий бүжгийн танхимтай.
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1966 оны 154 дүгээр тогтоолоор Драмын театрыг Д.Нацагдоржийн нэрэмжит болгосон ба 1981 онд “Улсын Драмын академик театр”, 1994 онд “Үндэсний жүжгийн академик театр”, 2002 онд “Улсын драмын эрдмийн театр” хэмээн нэрлэжээ. Орчин үеийн драмын жүжгийн үндэс 1930-аад онд “театрын түр сургууль” байгуулагдсанаар тавигдаж 1931 онд Улсын төв театр болон зохион байгуулагдаж “Үнэн” гэдэг үндэсний жүжгээр нээлтээ хийж байв. Түүний дараа “Монгол хүү”, “Эрдэнэт соёмбын эзэн, эрэлхэг жанжин Сүхбаатар” зэрэг жүжгүүдийг тавьсан. Тус театраас маш чадалтай, алдартай, чадварлаг, боловсролтой жүжигчид төрөн гарсан бөгөөд Шекспирийн Гамлет, Лир ван, Отелло, Макбер, Ричард-3, Ромео Жулетта зэрэг дэлхийн сонгодог бүтээлүүдийг тоглож тайзнаа амьдруулсан билээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах