Бага Хэнтийн нуруунаас эх авч 819 километр замыг туулан Хэнтий, Төв, Булган, Сэлэнгэ аймгийн нутгаар урсан Монголын хамгийн урт гол болох Орхонд цутгадаг. Туул гол Богд хан уулын араар хоёр салаалан Хаяа гол, Дунд гол болон урсаад цааш нийлж урсана. Уу булангаас доошоо Хүйтний онгорхой хүртэл 60 гаруй километр үргэлжилсэн өтгөн бургастай шугуйг Туулын хар шугуй гэдэг.
Домогт өгүүлснээр, Хэнтий хан уул гурван сайхан охинтой байж гэнэ. Ууган охин Хэрлэнгээ Хөлөнбуйрын нутаг дахь Далай нуур хэмээх хан хөвгүүнд бэр болгон өгч, дундах охин Ононгоо Номхон далай хэмээх хан хөвгүүнд бэр болгон өгч алс газар үдэж мордуулжээ. Хоёр охин нь харийн бэр болоод хан эцэг Хэнтийгээ эргэж харалгүй алс хол явж оджээ. Харин отгон охин Туулыгаа нутагтаа авч үлдэн асруулжээ. Туул голыг Хатан гэж өргөмжилсөн нь эрт үед бөө мөргөл хүчтэй дэлгэрч байх үед уул хайрханыг “хан”, ус голыг “хатан” хэмээн хүндэтгэн нэрлэж байсантай холбоотой ажээ. Мөн Хатан Туулд эмэгтэй хүн орвол, Хаан Хэрлэнд эрэгтэй хүн орвол биеийн гутаг арилж, элдэв өвчин илааршина хэмээн домоглон ярих нь бий.