Гэсэр сүмийн баруун хойшоо орсон хошуу толгойг эрт үед “Зөөлөн хошуу” гэдэг байжээ. Учир нь хэвтэж буй зааны дэвссэн хошуутай адил харагддаг учраас ийнхүү нэрийджээ. Заан догшин зантай амьтан учраас номхотгох үүднээс үзүүр бэлд нь Номхотголын сүм барьсан нь одоогийн Гэсэр сүм ажээ. Хожим лам нар хошууны орой дээр гарч номын хүчээр мэтгэлцэх “тасга” хэмээх зан үйл хийх болсноор “Тасганы овоо” хэмээн нэрлэгдэх болсон байна. 1921 онд Ардын журамт цэрэг хүрээнд орж ирэхдээ энэ хамар дээгүүр гарч иржээ.