Улаанбаатар зочид буудлын зүүн талд байрлах тус сургуулийн барилгад МАХН-ын Төв хороо, Засгийн газар байрлаж байсан бөгөөд сүүлд нь 1945 онд нэг давхар нэмж барин өргөтгөл хийж 1951 онд Улсын багшийн институт нэртэйгээр одоогийн Боловсролын их сургуулийг оруулжээ. Тухайн үед 4 тэнхим, 8 багш, 212 оюутантайгаар байгуулагдсан бөгөөд 1957 онд Улсын Багшийн Дээд Сургууль, 1990 онд Улсын Багшийн Их Сургууль, 2004 оноос Монгол Улсын Боловсролын Их Сургууль болон өргөжжээ.
Монгол хэл-уран зохиол, физик, математик, хими биологи, түүх газарзүй, зураг-шугам зураг, техник хөдөлмөр, найрал дуу, хөгжим, кино драм, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, бага ангийн багш, англи, герман, хятад, солонгос, япон хэлний багш орчуулагч зэрэг 40 гаруй мэргэжлээр 90 гаруй мянган боловсон хүчнийг бэлтгэн гаргажээ. Эдүгээ 700 гаруй профессор багш, 9000 гаруй оюутан, 500 гаруй магистрант, докторант ажиллаж суралцаж байна. Бүрэлдэхүүндээ нийт 12 салбар сургуультай, Ховд аймагт Биеийн тамирын дээд сургууль, Архангай, Баян-Өлгий, Дорнод аймагт Багшийн коллежийн салбар сургуулиуд ажилладаг.