Улаанбаатар хотын төв талбайг жанжин Д.Сүхбаатарын талбай гэдэг. 1921 онд тус талбайг “Индрийн талбай” хэмээн нэрлэж байгаад 1923 онд Монголын ардын хувьсгалын удирдагчдын нэг, цэргийн жанжин Д.Сүхбаатар нас барсны дараа түүний гавъяаг мөнхжүүлэх зорилгоор нэрээр нь нэрлэхээр шийдвэрлэжээ. Ардын журамт цэрэг Хиагтаас Их хүрээнд орж ирээд Ардын хувьсгалын ялалтыг тунхагласан дурсгалт газар юм. Жанжин морин дээрээсээ өндийсхийн наран мандах зүг рүү гараараа зааж буй дүрслэлтэй хөшөөг 1946 онд Ардын хувьсгал ялсны 25 жилийн ойгоор байгуулж талбайг цардаж засжээ. Морьт хөшөөнд үндэсний баяр ёслолын үеэр төр засгийн хүмүүс хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг. Жанжин Д.Сүхбаатарын талбайг 2013 оны 11 дүгээр сараас “Хоёр дахь мянганы суут хүн”, Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч Чингис хааны нэрээр нэрлэсэн ч 2016 оны 9 дүгээр сард хуучин нэрийг дахин сэргээн нэрлэсэн юм.
Д.Сүхбаатарын морьт хөшөө: Талбайн голд байрлах жанжин Д.Сүхбаатарын морьт хөшөөг уран барималч С.Чоймболын зураг төслөөр 1946 онд барьж, Ардын хувьсгалын 25 жилийн ойн өмнө 7 сарын 8-ны өдөр баяр ёслолын байдалтайгаар нээжээ. Ерөнхий сайд Х.Чойбалсан, МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, Төв Хорооны нарийн бичгийн дарга Б.Ширэндэв, жанжин Д.Сүхбаатарын гэргий Янжмаа болон албаны бусад хүмүүс оролцжээ. Хөшөөний өндөр 4 метр бөгөөд суурийн хамт нийт 12 метр болно. Жанжин Сүхбаатар морьтойгоо өндөрлөг газар зогсож, гараа өргөн ард олонд хандан үг хэлж байгаагаар дүрсэлсэн. Хөшөөг тойруулан 14 арслангийн баримлыг 208 төмөр гинжээр холбосон байдаг ба энэ нь “Монгол орон бол халдашгүй дархан бат” гэсэн санааг илэрхийлдэг.
Хөшөөний суурийн нүүрэн талд: “Бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй хэмээх явдал огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” хэмээх утга санааг босоо монгол бичгээр товойлгон бичсэн байдаг. Жанжин Д.Сүхбаатар 7-р сарын 11-нд Ардын хувьсгалыг тунхаглан зарлах үед ард олонд хандаж хэлсэн үг бөгөөд өнөөг хүртэл монгол хүн бүрийн сэтгэлд орших “үгэн цамхаг” болж чадсан юм.
2011 оны 3 сарын 1-нд тус морьт хөшөөг хүрлээр бүтээж шинэчилсэн нээлтийн үйл ажиллагаа явагдсан бөгөөд тухайн үеийн МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд нээж үг хэлжээ.
Хууч яриагаар бол, 1921 оны 7 дугаар сарын 8-нд Ардын журамт цэрэг Хүрээнд орж ирэхэд Хүрээний оршин суугчид цай, тавгийн идээ барьж, баяр ёслолын байдалтай угтан авчээ. Одоогийн төв талбай дээр жанжин Д.Сүхбаатар цэргүүдийн хамт ирэхэд жанжны морь шээсэн гэдэг бөгөөд тэр газарт “ясан толгой” хочит Гаваа хэмээх цэрэг эр дэлэм хэрийн урт гадас авчран зоож орхисон гэдэг. Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор их жанжны хөшөөг босгох ажил өрнөхөд маршал Х.Чойбалсан нөгөө гадас шаасан газрыг цэргүүдээр эрүүлж олсон ажээ. Яг тэр газрыг ухаж хөшөөний суурь болгосон ба ёроолд нь нэгэн хайрцаг хийжээ. Дотор нь 50 лангийн ембүү, Бөмбөгөр ногоон театрт тоглогдсон нэгэн жүжгийн баатар хүний өмсгөл, жанжин Д.Сүхбаатарын гэргий С.Янжмаагийн нулимс шингэсэн цагаан алчуурыг хийсэн гэдэг. Хөшөө байгуулах газрын шав тавих үед жанжны гэргий С.Янжмаа дурсамж хөглөн нулимс унагах үед маршал Чойбалсан нэгэн цагаан алчуур гарган өгсөн нь тэр ажээ.
Нийслэлийн хамгийн дурсгалтай, тэгээд бас сонирхолтой, өөрийн гэсэн онцлогтой газар бол яах аргагүй Жанжин Д.Сүхбаатарын талбай юм.
Нэгдүгээрт, бүтцийн хувьд сайн, муу онцлог бий. Тухайлбал, дэлхийн олон улс орнуудын талбайнууд дотор тэг дөрвөлжин хэлбэрийн талбай бараг байхгүй. Дэлхийд алдартай Оросын Улаан талбай, Хятадын Тянь Аньмин талбай гэх мэт нь урт гонцгой хэлбэртэй. Манай талбай гантиг чулуун чимэглэлтэй гэдгээрээ онцгойрдог боловч цас орсон үед хальтарч унах аюул бий.
Хоёрдугаарт, түүхийн хувьд онцлогтой. Жанжин Д.Сүхбаатар Ардын журамт цэргийг удирдаж 1921 оны 3-р сарын 18-нд Хиагтад ялалт байгуулаад 7-р сарын 11-нд Их Хүрээнд цэргээ дагуулан ирж одоогийн энэ талбай дээр Ардын хувьсгал ялсныг тунхагласан. Д.Сүхбаатар ид залуу насандаа нас барсан хэдий ч түүний гавъяаг дурсан санаж байх үүднээс эл талбайг нэрээр нь мөнхжүүлэн Ардын хувьсгал ялсны 25 жилийн ойгоор морь унасан хөшөөг нь байгуулсан билээ. Нэг талаас жинхэнэ үнэн түүх ийм боловч нөгөө талаас хэрвээ энэ жанжин арай илүү урт насалсан бол магадгүй их хэлмэгдүүлэлтэнд өртөж алдар гавъяа нь үгүйсгэгдэх байсан ч байж магадгүй. Энэ хөшөө ба талбай ийнхүү мөнхөрч үлдэх байсан болов уу, үгүй болов уу гэдэг асуулт үлдээсэн юм.
Гуравдугаарт, байршлын хувьд онцлог. Жанжин Д.Сүхбаатарын талбай нийслэл Улаанбаатар хотын маань зүрх нь болсон газар төдийгүй хотын анх шав тавьсан газар байрладаг. Анх удаагаа хотод ирсэн хүн ямар ч байсан энэ талбайг хүнээс асуулгүй олно. Хөдөөгийн хүмүүс болон нэг төгсөлтийнхний уулзаж учирдаг газар, дурлалт хосуудын болзооны газар, хуримаа хийгсдийн заавал ирж хүндэтгэл үзүүлдэг газар, хүүхэд багачуудын цуглаж нийлдэг газар билээ.
Дөрөвдүгээрт, олон нийтийн дуу хоолой болсон газар. Энэ газарт Ардын хувьсгалыг тунхагласан, Социалист Монголын олон зуун бүтээлч аяны уриа лоозон цуурайтсан газар, Ардчилсан хувьсгалын жагсаал цуглаан өрнөж, нийгмийг шинэчлэгчдийн индэр болсон газар, орчин үед байгууллага хамт олны хийж бүтээж буй болон хийх гэж байгаагаа танилцуулан сурталчилдаг газар, дотоодын болоод гадаадын урлаг соёлынхны уран бүтээлээ толилуулж дуу хуураар бялхдаг газар гэх мэтээр тоочно.
Тавдугаарт, хэзээ ч үнэ цэнээ алдахгүй газар. Эргэн тойронд нь хэчнээн их гоё ганган, шилэн, олон давхар барилга байшин баригдсан ч сүрлэг хэвээрээ байдаг. Улаанбаатар хотын захиргааны байшин, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны байшин, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын байшин, Гадаад Харилцааны Яамны байшин гэх мэт олон хуучин барилгууд нь социализмын үеийн сонгодог загвараар баригдсан тэр л хэвээрээ байгаа. Энэ талбайд ирсэн ямар ч гадаадын жуулчин Central tower, Blue Sky tower, Хангарьд ордон зэргийг тоодоггүй бөгөөд талбайг тойрсон нөгөө хэдэн хуучин сонгодог барилгуудыг л асууж сонирхон зургийг нь авч байгаа харагддаг.