Генерал, сайд нар олон байсан боловч “жанжин” гэж дуудагдсан хүмүүс маш ховор байсны нэг нь Ж.Лхагвасүрэн юм. Улс төр, цэргийн зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, корпус командлан захирагч, хурандаа генерал Жамъянгийн Лхагвасүрэнд зориулсан хүрэл хөшөөг 2000 онд байгуулжээ. 1912-1982 онд амьдарч байсан бөгөөд түүний үйл хэргийг мөнхжүүлэх үүднээс “Ж.Лхагвасүрэнгийн өвийг хамгаалах сан”-гаас санаачлан Л.Ганхуягийн эх загвараар хийжээ. Хөшөө нь Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжинд байрладаг. Хөшөөг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн хамгаалалтанд авчээ.
Жанжин Ж.Лхагвасүрэн 1912 оны 3-р сарын 16-нд Түшээт хан аймгийн хошой чин ван Ханддоржийн хошууны нутаг Хүрэмтийн голын эх, Тэмээн жалга хэмээх газар (Одоогийн Булган аймгийн Сайхан сум) Жамъянгийн бага хүү болон мэндэлжээ. Бага насандаа нагац ах Нямд шавилан бичиг үсэг заалгаж улмаар 1925 онд Булган хан уулын хошуу танхимд суралцан, хошууны бичээчээр ажиллаж байжээ. 1929 – 1931 онд Богд хан уулын хошууны бичээчээр ажиллаж байхдаа 1932 онд сайн дураар ардын цэрэгт элсэж 15 дугаар морьт хороонд цэргийн алба хаахдаа хорооны нууцын дарга, дивизийн нууцын даргаар ажиллаж байжээ. Ийнхүү 20 насандаа цэрэгт сайн дураараа мордож, жагсаалын цэрэг байхдаа л “заяа байвал жанжин болно” хэмээн хошигнодог хүн байсан бөгөөд зөгнөсөн мэт 30 хүрээгүй цэл залуу насандаа жанжин болсон түүхтэй. Тухайн үеийн жанжин гэдэг бол генерал цолтой дүйх ажээ.
Тэрбээр 1934 оны намар цэргийн дарга нарыг давтан бэлтгэх сургуульд сурч байхдаа ЗХУ-д цэргийн сургуульд суралцах хүсэлт гарган 1935 – 1937 онд Москвад цэргийн дарга нарын давтан бэлтгэх сургуульд онц сайн дүнтэй суралцан төгсөөд үлдэн ажиллажээ. Түүнийг 1937 онд Москвагаас дуудан ирүүлж дөнгөж 27 настай залууг “Хорооны комиссар” цолтойгоор “Цэргийн улс төрийн газар”-ын орлогч даргаар томилжээ. Энэ үед япончуудын улмаас эх орны зүүн хилийн байдал түгшүүртэй байв. Тэрбээр орлогч жанжин Лувсандонойтой хамт Халхголын байлдааны төлөвлөгөөг боловсруулж маршал Х.Чойбалсанд танилцуулж байсан гэдэг. Орлогч жанжин Лувсандоной хилс хэргээр баривчлагдахад Ж.Лхагвасүрэн орлогч жанжнаар томилогдож Халхголд очиж маршал Жуковын хамт фронт командалсан байна. Монгол - Зөвлөлтийн цэргийн давшилт хоногт 90-110 км.цагийн хурдтайгаар, 40-42 хэмийн халуунд усгүй цөлийг туулж Хянганы нурууг дайсны эсэргүүцэл дунд давахад Ж.Лхагвасүрэн жанжин гол үүрэг гүйцэтгэжээ. Дайны дараа 1948 он хүртэл орлогч жанжны тушаалд ажиллаж байгаад 1948-1951 онд ЗХУ-ын цэргийн дээд академид суралцаж төгсчээ.
Тэрбээр “Улсын биеийн тамир, спортын хороо”-ны даргаар ажиллах үедээ Спортын ордон, Төв цэнгэлдэх хүрээлэнг бариулжээ. Олон улсын байдал, дотоод гадаад нөхцөл байдлаас шалтгаалан батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх шаардлага гарч 1959 онд “Ардын цэргийн хэрэг эрхлэх яам” байгуулахад сайдаар томилогдсон юм. Ж.Лхагвасүрэн жанжин армийг шинээр зохион байгуулж 10 жилийн дотор БНМАУ орчин үеийн зэвсэг техникийн хангалт бүхий мотобуудлагын цэрэгтэй болсон. Цэрэг армийн амьдралаар амьдарч ирсэн тэрбээр 1978 оноос БНМАУ-аас БНБАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ч ажиллаж байжээ.
1945 оны дайны дараа Лхагвасүрэн жанжны нэр хүнд ард түмний дунд алдаршиж Л.Цэнд-Очирын шүлгээр хөгжмийн зохиолч Л.Мөрдорж “Залуу жанжин Лхагвасүрэн” хэмээх дууг хүртэл зохиожээ. Дууны шүлэгт,
Залуу жанжин Лхагвасүрэнгийн
Өндөр команд мөнх дуурсаад
Дайчин эрсүүд энхийг тогтоож
Далай жаргалыг үүрд авчирлаа.
Залуу жанжны дайчин нөхдүүд
Золбоот армийн баатарлаг хөвгүүд
Түүхийн хуудсанд нэрээ мөнхлөөд
Түмэн арддаа хайрлагдсан юм аа ... гэж өгүүлдэг.