Ухамсар хөшөө

Урчуудын эвлэлийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболдын бүтээл. Анх 2013 онд бүтээгдсэн тус хөшөө нэг жилийн дараа 2014 онд “Норд-арт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд оролцож “Үзэгчдийн нэрэмжит шагнал” хүртжээ. “Ухамсар” хөшөөний агуулга нь НҮБ-ын үйл ажиллагаа, үзэл санаатай нийцэж байсан учраас НҮБ-д материалаа бүрдүүлж өгөхөөр шийдсэн гэдэг. НҮБ-ын урлаг хариуцсан комиссоос хоёр жил тутамд нэг удаа сонгон шалгаруулалт явуулдаг бөгөөд уран барималч А.Очирболдын ирүүлсэн “Ухамсар” хөшөөний материалыг дэлхийн 192 орны бүтээлүүдээс хамгийн шилдэг нь хэмээн сонгожээ.

Ийнхүү “Ухамсар” хөшөө АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байрны гадна талбайд 2017 оны 10-р сарын 13-нд байрласан байна. НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд жуулчид, зочид гийчид, тухайн орны иргэд ихээр ирдэг учраас Монгол Улсыг төлөөлөн Монголын уран бүтээлчийн чадвар чансааг таниулан “зогсож” байна. Нэг талаар томоохон сурталчилгаа, нөгөө талаар Монголчууд бид дэлхийн нэг хэсэг, байгаль дэлхийн төлөө бусдын адил санаа зовнидог гэдгийг илэрхийлсэн “өгүүлэмж” юм хэмээн уран бүтээлч маань дурджээ.

НҮБ-аас маш нарийн шалгуур тавьж, хөшөөний бат бөх байдал, зэврэлтээс өгсүүлээд олон зүйлийг уран бүтээлчээс асуужээ. Хөшөөг сайн ган төмөрөөр бүтээсэн. Ган бол маш хатуу, зэвэрдэггүй, агаарт исэлдэж төмөр шиг зэврээд байдаггүй. Тийм учраас 1000 жилийн дараа ч энэ хөшөө оршиж байх болно. Гангаар хийсэн учраас салхитай үед өөрөөсөө дуу авиа гаргана. Нартай дулаан өдөр ган төмөр сүлжээс дээр нар ойж гэрэл цацруулна.  Шөнөдөө сар тусч гэрэлтэнэ хэмээн тайлбарласан байна.

Хөшөөний суурь агаарт бага зэрэг хөөрчихсөн юм шиг хөндий байрлалтай. Харин ухамсар нь тэнгэр дээр зогсож буй мэт байрлалтай. Суурин дээр тэнгэрийн дүрс тусаж, түүний дээр хүний мөрийг гаргасан нь “ухамсар” ба “ул мөр” хоёр хоорондоо салшгүй холбоотой болохыг өгүүлдэг. Мэхийж буй хүний дүрслэлээр аливаа хүн өөр рүүгээ өнгийн харж, гэмээ ухаарч, байгаль эхээс уучлал эрж, түүнд хүндэтгэл үзүүлж буйг харуулсан.  

Ухамсар гэж юу вэ. Ухамсар нь хүн бүрт байдаг ч хамгийн далд оршиж байдаг. Хүн байгаа цагт ухамсар оршино. Аливаа хүн ямар нэгэн орон зайд амьдарч, өөрийн ул мөрөө үлдээгээд хорвоогоос оддог. Монголчууд “мөнх тэнгэр” хэмээн их ярьж бичдэг. Үүний нэгэн адил ухамсар бол мөнх. Хүмүүс ухамсараа маш сайн чагнах юм бол ямар нэгэн үйлдэл хийхийн өмнө ухамсар нь “зөв”, “буруу” гэдгийг хэлж өгнө. Харамсалтай нь хүмүүс материаллаг хэрэгцээнийхээ төлөө буруу үйлдэл хийсээр байна. Ухамсараа чагнахгүй байна.

Нийслэл хотод маань 2021 оны 9-р сарын 22-нд “Ухамсар” хөшөө төв талбайн замын урд байрласан. Суурийг мөн адил хатуу ган төмрөөр угсарч 4-5 хүн дээр нь гарч зогсох боломж бүхий даацтайгаар урлажээ. Дээр нь гарч зогссон хүн мэхийж буй хүнд хүрч болно. Юу мэдэрч байгаагаа хором ч болтугай бясалгаж болно. Хөшөөнийхөө үндсэн үзэл санааг хүмүүст ойлгуулахын тулд зориуд суурин дээр нь гарч болох, хөшөөнд ойртох, харьцах, тойрч харах, мэдрэх орон зай бүхий байдлаар бүтээсэн хэмээн уран барималч А.Очирболд өгүүлсэн байдаг. Өөрсдийгөө хараач ээ, тольдож үзээч ээ гэсэн агуулгатай. Тэр хүний байран дээр өөрсдөө зогсоод тонгойгоод амьдралын эрээн барааныг хараад үз гэсэн утгатай ажээ.