Дэлхийн санхүүгийн түүхийн музей

 

Мөнгө, санхүүгийн харилцаагүй ямар ч амьдрал байхгүй. Дэлхийн санхүү мөнгөний ертөнцийн АНХНЫ гэсэн бүхэн энэ музейд бий. Вексель, шилжих вексель, бонд, өрийн бичиг, зоосон мөнгө, цаасан мөнгө, анхны даатгалын гэрээ, баримтууд, анхны чекүүд, анхны кредит картууд, зээлийн картууд, Монголын анхны мөнгөн дэвсгэртүүд, 1942 онд гаргасан Монголын анхны дайны бонд ... гэх мэт 300 гаруй нэн ховор, дэлхийн банк санхүү, хөрөнгийн зах зээлийн өв болсон үзмэрүүд байдаг.

АНХНЫ ДИНАР: Одоогоос 5000 жилийн өмнө Меспотамид хүн төрөлхтний анхны бичиг cuneiform зохиогджээ. Эл бичиг үсэг үүссэнээр хууль журам тогтоох, гэрээ хэлцэл бүртгэх, түүхийг тэмдэглэж үлдээх, нягтлан бодох бүртгэл хөтлөх боломжтой болсон. МЭӨ 211 онд Ромын анхны динар 4.5гр жинтэй, 95-98% нь цэвэр мөнгөний орцтой зоос гаргаж худалдаанд хэрэглэсэн. Харин 217 он гэхэд мөнгөний орц нь 50% буурсан нь дайн байлдаантай холбоотой бөгөөд энэ үед Ромын эдийн засгийн хямрал дээд цэгтээ хүрч худалдаа наймаа уналтанд орсон. Европод алт, мөнгөөр хийсэн зоосыг түгээмэл хэрэглэдэг байсан ба түүнийг “цохиж” хийдэг байсан. Харин Хятадад ердийн хүрэл, төмөр, тугалгаар “цутгаж” хийдэг байсан ба дундах нүх нь хэлхэж авч явахад зориулагдсан.

ДЭВСГЭРТ: МЭӨ 350 онд Жоу улсын үед Хятадын зоос дугираг хэлбэртэй болжээ. МЭӨ 221-206 онд оршсон Чин гүрний Ban Liang буюу хагас лангийн зоосыг улс даяар эргэлтэнд оруулсан. Түүний дараа Wu Zhu зоос МЭӨ 118 онд эргэлтэнд орсноос хойш 700 орчим жил Хятадын олон улс гүрэн дамжин хэрэглэгджээ. Дараа нь Мин гүрний 1381 онд суусан анхны хаан Хонгву-гийн үед Хубилай хааны үүсгэсэн цаасан мөнгө хэрэглэгдэж байсан. Ядуу тариачин Zhu Yanzhang (Hongwu) бол Монголын Юань Гүрнийг түлхэн унагасан улаан алчууртны бослогын удирдагч байсан ба түүнд холбогдох цаасан мөнгө хэвлэх хүрэл дардас олджээ.

АНХНЫ БАНКИР: 2500 жилийн өмнө анхны банкирууд үүсчээ. Банкирууд хөл хөдөлгөөн ихтэй зах, төв талбай зэрэг газарт урт вандан сандал (bancu –эртний ром хэлээр урт вандан сандал буюу bank гэдэг үгний уг язгуур) дээр сууж ажилладаг байжээ. МЭӨ 352 онд Ромд улсын анхны банк Mensarii өрөнд орсон иргэдэд туслах зорилготой байгуулагдаж байсан бол “боол” байсан Pasion гэгч Атен хотод амжилттай үйл ажиллагаа явуулж анхны хувийн банкир болсон ажээ. Тэрбээр Атен хотыг дайны хүнд нөхцөлд ороход нь 1000 бамбай, 1 байлдааны хөлөг онгоц бэлэглэсэн нь тэмдэглэгдэн үлджээ.

ДИНАСТИ: Сэргэн мандалтын үед анхны орчин үеийн банк Венец хотод 1157 онд Bank of Venice нэртэйгээр 5 сая дукатын хөрөнгөтэйгөөр байгуулагджээ. Энэ үеийн хамгийн цуутай банкны системийг Medici (Медичи) банкны династи бүтээж Европын олон улс оронд салбарлаж аль ч салбартаа бэлэн мөнгөөр солих боломжтой вексель гаргадаг байсан нь улс дамнасан худалдааны санхүүжилт, төлбөр тооцоог ихээхэн хөнгөвчилжээ. Улмаар Медичи банк Микел Анжело, Леонардо Да Винчи, Галилео Галилей нарын сод авъяас, эрдмийн бүтээлийг санхүүжүүлж дэлхий ертөнцөд алдар суугаа цуурайтуулахад нь тусалжээ.

ДА ВИНЧИ ЗОХИОЖЭЭ: 1300 оны орчмоос компаниуд ажилчдынхаа цалинг банкаар дамжуулан тавьж байсан баримтууд ч үлджээ. Улмаар банкинд иргэд, худалдаачид харилцах данс эзэмшиж, 1433 он гэхэд Барселон хотод 3 хүн тутмын нэг нь банкинд данстай болж их хэмжээний зоосыг биедээ авч явах, гэртээ хадгалах шаардлагагүй болжээ. Мөн энэ үед банкууд орчин үеийн нягтлан бодох бүртгэлийг хөгжүүлсэн ба Перуга их сургуулийн математикийн профессор Леонардо Да Винчи худалдааны байгууллагууд болон Luca Pacioli банкны данс бүртгэлийг судалж 1494 онд сурах бичиг хэвлүүлсэн нь дэлхийн анхны “Нягтлан бодох бүртгэлийн ном” болон мэндэлжээ.

БҮТЭЛГҮЙ БОНД: 1914 онд эхэлсэн дэлхийн I дайнд 70 сая цэрэг оролцож 16 сая хүн амь үрэгдсэн. Хаант Орос болон түүний холбоотон Англи, Франц, Америкуудын ялалтанд итгэж Европын хөрөнгө оруулагч нар Оросын дайны бондыг их хэмжээгээр худалдан авсан боловч 1917 онд Октябрийн хувьсгал ялснаар тэр бүх бонд нь ямар ч хэрэггүй цаас болон хувирсан гэдэг. Түүхэнд Ромын эзэнт гүрэн дайны үед зоосныхоо мөнгөний орцыг багасгаж хүрлээр сольсон ч амжилт олоогүй. Монголын Юань гүрэн Японд довтолсны дараа их хэмжээний цаасан мөнгө хэвлэснээр санхүүгийн хямралд өртсөн юм.

ПОНЗИ СХЕМИЙН ЯЛТАН: Дэлхийн түүхэнд хамгийн том понзи схемийн луйврыг хийсэн Мадоф Бернардын схем 2008 оны 12 сар гэхэд 65 тэрбум долларт хүрчээ. Мадоф 1938 онд төрсөн бөгөөд 22 насандаа хөрөнгийн зах дээл дээр хувийн компаниа байгуулж брокер хийж эхэлсэн ба дэлхийд 2-т орох NASDAQ хөрөнгийн биржийг байгуулж Үнэт цаасны дилерүүдийн холбоо, Үнэт цаас ба Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан Нью-Йоркийн хөрөнгийн биржийн босс байсан юм. Түүний хөрөнгө оруулалтын санд АНУ-ын холливудын одуудаас эхлээд олон алдартан хөрөнгө нийлүүлсэн бөгөөд хуурамч бүртгэл, хуурамч тайлан бүрдүүлдэг энэ хэрэгтээ 150 жил шоронд хоригдох ял авсан юм.

Музей ажиллах хуваарь: Даваа, Лхагва, Баасан гарагуудад 11:00 -16:00 цаг (Музейг үзэх хүсэлтэй хувь хүн, анги хамт олон, байгууллагууд музей үзэхээс 1 хоногийн өмнө захиалга өгөх)

Холбогдох дугаар: 9973 8733