Гандан бол Монголын буддын шашны төв. Монгол оронд XYI зуунд Төвдөөс буддын шашны шар малгайтны урсгалыг албан ёсоор нэвтрүүлсэн бөгөөд нүүдлийн соёлд тулгуурлан монголын онцлогт тохируулан “Монгол буддизм” болгон хөгжүүлсэн. Үүний хамгийн тод жишээ нь нийт нутаг даяар 700 гаруй сүм хийд байгуулсан ба нүүдэллэн амьдардаг малчин монголчууд хаана ч нүүж очсон сүм хийдтэй ойр байсан. Тэдгээр олон 700 гаруй сүмийн дотор Гандан хийд гэдэг нь Нийслэл Хүрээнд байгуулагдсан хамгийн том хийдийн нэг нь болж чадсан. Эдүгээ хүртэл тэр байр сууриа хадгалж байдаг.
Социализмын үеийн ном хурдаг цорын ганц хийд. Зөвлөлтийн нөлөөгөөр хуучин нийгмийн соёл гэх бүгдийг арилгаж устгаж байсан цаг үед тус Гандан хийд нураагдсан боловч удалгүй дахин сэргээгдсэн. Сэргээсэн шалтгаан нь Англи, Америк гэх мэт гуравдагч ертөнцийн орнуудаас “Орос, Монгол, Хятад улсууд соёлын өвийг хайр найргүй устгаж байна” хэмээн шүүмжилсэнтэй холбоотой гэж үздэг. Нөгөө талаар, олон зуун жил шүтэгдэж ирсэн шашныг ганц хоёрхон жилийн дотор ор мөргүй устгах ямар ч боломжгүй байсан ахмад настнуудад нээлттэй үлдээж хяналтыг ил болгосон гэж үздэг.
Хүрээний хамгийн өндөр байшин. Улаанбаатар хот маань барилгажиж эхэлсэн нь 1960-аад оны үе юм. Нүүдлийн соёлтой ард түмэн бөөнөөрөө суурьших үйл явц хэдийгээр 1778 оноос эхлэлтэй байсан боловч хот хүрээндээ үхэр малтайгаа амьдарсаар байсан. 1910 оны үед 3-хан өндөр байшин байсны нэг нь энэ сүм юм. Буддын шүтлэг гүнзгий ард түмэн бурхадын орон байр болсон сүм хийдийг барихдаа маш хүндэтгэлтэй ханддаг байсан. Барилгын шавар зуурмагт хэрэглэх усыг газарт тавилгүй зөөж, гол багана модыг сонгохдоо ямар ч өө сэвгүй, өндөр гоолиг мод шилж авчирч босгодог уламжлалтай.
Монголын буддын шашны их сургууль. 1970 онд байгуулагдсан сургууль бөгөөд лам болох эрдэмд багаасаа суралцсан залуу лам нар тус сургуульд үргэлжлүүлэн суралцаж төгсөөд буддын хичээлээ гүнзгийрүүлэхийн тулд Төвдийн Лхас явдаг байв. Хамгийн сонирхолтой нь буддын шашныг хориглож сүм хийдийг юу ч үгүй нурааж, шашингүй үзлийг номлосон хэрнээ бүхэл бүтэн шашны дээд сургуулийг үлдээсэн нь гайхалтай.
Буддагийн 2500 жилийн ойг тэмдэглэсэн. Гандан хийдийн лам нар Будда бурханы мэндэлсэн 2500 жилийн ойг 1956 онд тэмдэглэж байсан ба бурхан буддагийн хөрөг зургийг томоор бүтээсэн байдаг. Шашин шүтэхийг хориглосон цаг үед ийнхүү бурхан багшийн ойг тэмдэглэсэн нь буддын шашин шүтлэгт үнэнч, шашны залгамжлагч нар байсныг гэрчилдэг.
Монголын хамгийн өндөр бурхан залсан хийд. Монгол хүн бүрийн хэнээр ч заалгахгүй сурдаг “ум мани бадми хум” хэмээх тарни маанийн эзэн Жанрайсиг бурханыг 26 метр өндөртэйгөөр бүтээсэн. Аливаа болзошгүй аюулаас аварч хамгаалдаг хэмээн шүтэж ирсэн. Дэлхий дээр маш томоор бүтээсэн чулуун, модон, зэс алтадмал Жанрайсиг бурхан байдгаас чулуун ба зэс алтадмал Жанрайсиг нь Монголд бий. Гандан хийдийн Жанрайсиг шүтээн нь 19 тонн зэсээр бүтээгдэж, гадуур нь бүрэн алтаар бүрсэн учраас маш үнэ цэнэтэй юм. Монголчууд “мэлмийгээр болгоогч” хэмээн нэрлэдэг бөгөөд хэн нэгнийг алдаа гаргахаас нь өмнө олж хараад аварч хамгаалдаг хэмээн үздэг.
Аюуш бурханыг хамгийн олноор нь залсан. Жанрайсиг сүмийн хананд хүмүүст урт насыг бэлэглэгч Аюуш бурханы 10 мянган баримлыг залсан. Хүн гэдэг нь үргэлж урт наслахыг хүсэж үхэхийг хүсдэггүй нь хамгийн том хүсэл байдаг гэж үздэг. Хамгийн ихээр хүсдэг урт наслах гэсэн хүслийг нь биелүүлж өгөх гэж энэ бурханыг заларсан хэмээн номлодог. Тийм учраас олон мянган хүний хүслийг гүйцээх үүднээс сүм хийдүүдэд ийм олон тоогоор залж залбирдаг уламжлалтай.
Гандан хийдийн тухай товч:
Мэгжиджанрайсиг сүм:
Жанрайсаг:
Дэчингалав буюу ДҮЙНХОР дацан: IV Богд Жавзундамба хутагт 1800 онд Баруун Зууд залран Лхо Жалсрай гэгээнээс Дүйнхорын авшиг хүртэж ирээд Дүйнхор дацанг үүсгэн байгуулжээ. Эл дацан нь “Цагийн хүрдэн” бурханы номыг голлон судлах сургууль байсан бөгөөд 1937 онд хаагдсан байна. 1944 онд Гандантэгчэнлин хийд дахин сэргэснээр 1961 оноос эхлэн Дүйнхорын хурлыг жилдээ нэг удаа хурдаг байв. 1990 онд Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Энэтхэгийн Варанаса хотод Дүйнхорын ван айлдахдаа удаах Дүйнхорын ванг Монголд тавихаа айлдсан байна. Ингээд Дүйнхорын шинэ дацанг барьж, 1993 оноос эхлэн Дүйнхорын ёсны хурлаа дагнан хурж эхэлсэн бөгөөд 1995 онд XIV Далай лам Монгол Улсад саатан морилж Дүйнхорын ванг айлдсан. Эдүгээ эл дацан Дүйнхорын ёсны хурал ном хурж, зан үйл явуулж байна.
Дашчойнпэл дацан: Дашчойнпэл дацанд Төвдийн алдарт гүн ухаанч Гүнчэн Жамъяаншадүв ламын таван боть зохиол бүтээлийг голлон судлахын зэрэгцээ Бурхан багш, Майдарын гэгээн, Замбуутивын хоёр дээд хэмээх Нагаржунай, Асанга болон ертөнцийн зургаан чимэг хэмээн алдаршсан Аръяадэв, Дармакирди, Дигнага, Васубанду, Гүнапраба, Сакъяапраба, бусад алдартай Энэтхэг, Төвд, Монгол эрдэмтэн мэргэдийн гүн ухааны зохиол бүтээлийг судалдаг. Энэхүү дацанг II Богд Жавзундамба хутагт, хутагт түүний Ёнзон багш Донхор цорж буюу Манзушир хутагт нар Өвөрмонголын Долнуур хэмээх газарт 1736 онд үүсгэн байгуулжээ. Улмаар 1756 онд Ар халхын Их хүрээнд нүүж ирэн суурьшсан. Хожим 1937 оны их хэлмэгдүүлэлтэнд өртсөнөөр дэлхийн анхны их сургууль болох Наландарын хийдээс улбаатай, олон зууны түүхтэй тус дацангийн уламжлалт сургалт, хурал номын үйл бүрмөсөн хаагдсан байна. 1991 онд тус дацангийн номын үйл ажиллагаа дахин сэргэж, хуучны эрдэм номтой мэргэд, багш нарын хичээл зүтгэлээр уламжлалт гүн ухааны сургалтыг үргэлжлүүлэн явуулж байна. Түүнчлэн XIV Далай багшийн ач ивээлээр Энэтхэг дэх Гоман дацангаас буддын гүн ухаанд мэргэжсэн багш нар хүрэлцэн ирж, дацангийн шавь нарт хичээл орж байна. Эл дацан дахин сэргэсэн цагаасаа өнөөг хүртэл 36 гавж шинээр төрүүлсэн бол гэвшийн дамжаа барих ёсыг дахин сэргээснээр 220 гаруй лам нарт гэвшийн зэрэг цол олгоод байна.
Гунгаачойлин дацан: Гунгаачойлин дацанг IV Богд Жавзундамба хутагт 1809 оны шороон могой жил үүсгэн байгуулжээ. Анх байгуулагдахдаа Баруун дацан нэртэй байсан бол хожим V Богд Жавзундамба “Гунгаачойлин” хэмээх нэрийг хайрласан. Төвдийн оройн дээд номын мэргэдийн нэг болох Банчин Сономдагвын боловсруулсан гүн ухааны үзлийг голлохын зэрэгцээ Бурхан багш, Майдарын гэгээн, Нагаржунай, Асанга болон ертөнцийн зургаан чимэг хэмээн алдаршсан Аръяадэв, Дармакирди, Дигнага, Васубанду, Гүнапраба, Сакъяапраба, бусад алдартай Энэтхэг, Төвд, Монгол эрдэмтэн мэргэдийн гүн ухааны зохиол бүтээлийг судалдаг. Эл дацанд VIII Богд Жавзундамба хутагт Хувилгааны аймгийн Лувсанчойнзин цоржтой хамт гавжийн дамжаа барьжээ. Гунгаачойлин дацан нь Буддын гүн ухааныг судлах үндсэн дацангуудын нэг юм. Тус дацангаас эрдмийн оройд хүрсэн олон арван алдартай эрдэмтэн мэргэд төрөн гарчээ. 1937 онд хаагдсан бол 1992 онд дахин байгуулагдсанаар уламжлалт сургалт, хурал номын үйл ажиллагаагаа явуулж байна.
Жанрайсиг дацан: Эл дацанг шашин төрийг хослон баригч VIII Богд Жавзундамба хутагтын зарлигаар 1912 онд 80 тохой өндөр Мэгжиджанрайсиг бурханыг бүтээн залснаар анхлан байгуулсан бөгөөд 1937 он хүртэл хурал номын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байв. 1937 онд тус их бурханыг эвдэн буулгаж, ЗХУ руу ачуулсан байдаг. Монголын Улсын анхны ерөнхийлөгчийн зарлиг гарснаар 1991 онд Мэгжиджанрайсиг бурханыг дахин бүтээн залах их ажлыг эхлүүлжээ. Их шүтээнийг дахин залах үйлст Монголын бүх ард түмний эд материалын болон оюун санааны харамгүй их өглөг шингэсэн юм. 1996 онд төр, түмний их шүтээнийг бүтээх түүхэн ажил дуусч, мэлмийг нээж равнай өргөсөн.
Сүмийг сэргээсэн нь: 1937 оны 12-р сарын 27-нд МАХН-ын ТХ-ны Тэргүүлэгчдийн хурлаас тогтоол гаргаж, Монголын бүх хүрээ хийдүүдийн сүүлч болох Гандантэгчинлэн хийд, Голын цагаан сүм, Дэчин галбын дацан, Очирдарийн сүмийн үйл ажиллагааг бүрмөсөн хориглон зогсоож, Гандангийн барилга, эд хөрөнгийг улсын санд хурааж, зарим дуган, сүмийг ЗХУ-ын улаан цэргийн хэвлэлийн газарт үнэ өртөггүй шилжүүлэн өгсөн.
80 тохой өндөр Мэгжиджанрайсиг шүтээнийг анх 1911-1913 онд Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын тусгаар тогтнолын билэг тэмдэг болгож нийт Монголын ард түмний сэтгэл, зүтгэлээр бүтээн туурвижээ. Олноо өргөгдсөний хоёрдугаар онд Мэгжиджанрайсиг бурхан ба сүмийн хэрэглэлд зөвхөн Сайн ноён хан аймгаас их хэмжээний хөрөнгө, мөнгө цуглуулж гаргаж өгсөн байна. Тухайлбал: “…Их бурханы шүншигт өргөх арц 600 тэрэг болохоос тус аймаг 120 тэргийг бэлтгэж өгч хөлсөнд нь 600 лан мөнгийг харъяат аймгийн жасаанаас өгч байжээ. Мөн сүмийн гадуур хатган барих хашааны мод 1250 бэлтгэхээс 250-ийг өгч 125 лан, шүншигт өргөх Ганжуур судар нэгийг 302 лан 1 цэн 5 фун, судар ном 80 ботийн үнэнд 266 лан 6 цэн 5 фун, судар ном барлах, цаас авах, бэх бэлтгэх хүмүүсийн ажлын хөлс зэрэгт цалин цагаан 3555 лан мөнгийг удаа дараа өгсөн гэх зэрэг нэлээд баримт байна.
Их Мэгжиджанрайсиг бурхан нь Монгол түмний харамгүй сэтгэл, хамаг олноос цуглуулсан алт, үнэт эрдэнэсийн дээжээр бүтсэн их шүтээн, эрдэнэсийн их сан байсан төдийгүй төр шашины ёс, урлаг, соёл, уран барилга, уран дарханы нэн гайхамшигтай, дэлхийд хосгүй нэн үнэт бүтээл байв. Гэвч 1937 онд энэхүү их шүтээнийг Оросын армийн цэрэг, техникийн хүчээр буулган нурааж, улмаар Орос руу зөөвөрлөн авч оджээ. Монгол төдийгүй Дорно дахины уран барилгын үнэт дурсгалд зүй ёсоор тооцогдох өндөр сүмийн барилга шүтээнгүй болж, хоосрон үлдэж, арчилгаа тордлогонүй болсноор эзэнгүйдэхэд хүрээд байжээ.
1939 оны хавар Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга Л. Дэндэв, орлогч дарга Б.Наваан нар учир байдлыг нягтлан үзээд өндөр Жанрайсэгийн сүмийг цэвэрлэн засварлаж, өөд нь татах ажлыг удирдан зохион байгуулж, соёлын өвийн үлдэгдлийг хамгаалахад ихээхэн хувь нэмэр болжээ. Энэ тухай 1939 оны 2-р сарын 13-нд гаргасан Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн даргын 12 тоот тушаалд: “…Гандан дахь Өндөр сүмийг хэрхэн хүлээн авах ба түүнийг сэлбэн засах хийгээд арчилан хамгаалах нь чухал” хэмээн онцлон тэмдэглээд уг сүмийн барилга нь Улаан цэргийн байрны дотор оролцон буй тул түүнийг мөн цэргийн дарга эрх баригчидтай харилцан уул сүмийг хүлээн авахыг Б.Наваанд даалгажээ. Тэрбээр уул тушаалын хэрэгжилтийг биечлэн хариуцаж цэргийнхний эзэмшлээс Жанрайсэгийн сүмийг буцаан аваад, түүнийг тойруулан битүү хашаа барьж, ар талд нь хаалга гарган, сүмийн эвдэрхий хаалга зэргийг засч сэлбэн хамгаалалттай болгох багагүй ажлыг үр дүнтэй зохион байгуулжээ. Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга Л.Дэндэв, орлогч дарга Б.Наваан нарын хамтран гаргасан энэхүү шийдвэр ёсоор Гандан дахь түүх, соёлын үнэт өвийг хадгалж, хамгаалах ажлыг хийжээ. Мөн сүмийн доторхи үлэмж хэмжээний бичиг цаасны зүйлсийг цэвэрлэж, ялзарч муудахаас сэргийлэх арга хэмжээг авч, чухал хэрэгтэйг ялган түүвэрлэж авах ажлыг хамтатган хийснээр өнөөгийн “музейн сан хөмрөг, төв номын сан, үндэсний төв архивын сан хөмрөг”-ийг бүрдүүлэхэд чухал алхам болжээ. Тухайн үед Монгол Улсын Үндэсний Төв архив 1940-1960-аад он хүртэл тэнд байрлаж байжээ.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах