Богд хааны 4 ордонг Сэцэнхан аймгийн Лувсан 1912 онд зурсан Нийслэл хүрээ зурагт дүрсэлсэн байдаг. Эдүгээ Богдын 4 ордноос зөвхөн Ногоон ордон бүтэн үлдэж музейн зориулалтаар ашиглагдаж байна. Цагаан ордонг буулгаж, суурин дээр нь Нэгдүгээр цахилгаан станцыг барьсан, Шар ордон нь шатаж устсан, харин Хүрэн буюу Улаан ордон нь Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт одоогийн Удирдлагын академийн орчинд 4 байшин үлдсэн байжээ. Гэвч хашаанаас өөр харуул хамгаалалт үгүй, эзэнгүй шахам байсаар ирсэн юм.
YIII Богд Жавзундамба хутагт өөрийн багш Ёнзон хамба Балданчоймболд зориулан зуслангийн ордон барьж өгсөн гэдэг. XIX зууны сүүлчээр Ёнзон хамба Хайстайн лавиранг модон хашаагаар тойруулж хамгаалсан байна. Багшийгаа таалал төгссөний дараа YIII Богд энэ зусланг өөрийн зуны ордон болгож засаж сэлбээд улаан хүрэн өнгө голлосон ордон болгожээ. Эл ордонд Ёнзон хамба сууж байхдаа Хубилай хааны багш Пагва лам Лодойжанцангийн тухай ном бичсэн нь хадгалагдан үлджээ. Харин Богд хаан номын багшдаа зориулж Пагва ламын дүрийг шороон будгаар бүтээлгэсэн нь эдүгээ Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байдаг. Улаан ордны гол шүтээн нь “Замбал бурханы дүр” ажээ.
Анх Хайстайн лавиран нь Чингэлтэй хайрхан уулын Хайлаастын аманд байрлаж байгаад Туул голын хойно нүүн шилжсэн ажээ. Үүнээс үүдэн “Хайлаастайн ордон” гэж нэрлэж байсан ба дуудлага сунжран “Хайстайн ордон” болсон гэж үздэг. Мөн “Богд хааны сэрүүн ордон”, “Зуны ордон”, “Хайстай лавиран”, “Хайлаастай лавиран”, “Хүрэн ордон”, “Улаан ордон” гэх мэтээр нэрлэгдэж ирсэн. Хайстайн Лавиранг Монголын орчин үеийн уран зургийн нэрт мастер олон түмнээ “марзан” хэмээн алдаршсан Балдуугийн Шарав зурж бүтээсэн ба эдүгээ Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагддаг.
Дээр үед Богд уулын зүүн сугаар Их хүрээнд нэвтрэхэд хоёр гармаар Туул голыг гаталдаг байжээ. Нэг нь Амгалан буюу Манжийн хүрээний урдхан талд байдаг Салаа олом. Хоёр дахь нь одоогийн Маршалын гүүрний орчимд хайрга дайрга ихтэй Цагаан олом ажээ. Энэхүү Цагаан оломд ойрхон газарт Хайстайн лавиранг байгуулсан гэдэг. Учир нь Оргил нэрт рашаан ус оргилдог нь дагшин орны бэлгэдэл, мөн сүсэгтэн олны адис авдаг “бодь мод” бий хэмээн тус газрыг сонгосон гэж үздэг. Хожим тэр модыг хөрөөдөж унагаад Намын төв сургууль байгуулжээ.
Хүрэн ордны хашаанд Богд хаан, Дондогдулам хатны хамт “зуны ордон” хэмээх бөөрөнхий гэр хэлбэрт сэрүүн сүмд амьдардаг байсан ба “Эрдэнийн далай баян сүм” буюу “Богд хааны Сэрүүн ордон” гэж нэрлэдэг байжээ. Судлаачдын үзэж буйгаар “Хүрэн ордонд Богд хаан хүүхэд өсгөхөд тохиромжтой газар” гэж байсан учраас хатан Дондогдуламын хамт 300 гаруй хүүхэд өргөн авч өсгөсөн гэдэг. Хожим Эх дагина Дондогдулам таалал төгссөний дараа энд өсөж торниж байсан хүүхдүүд тус бүрийг нэг нэг тугалтай үнээний хамтаар ар гэрт нь хамаарах хүмүүс рүү буцаажээ. Богд хаан, хатан хоёрын өргөмөл хүүхдүүдээс Намын төв хорооны архивын эрхлэгч Эрэнжав, хөгжмийн зохиолч Мөрдорж зэрэг олны танил хүмүүс төрөн гарсан байна.
“Хайстай лавиран” сүмийн гадна хоёр давхар “Цагтай сүм”-ийг 1920 онд Богд хаан бариулсан бөгөөд дээд давхарт нь 12 жилээр чимэглэж хийсэн сүрлэг том модон цагийг гадагш харуулан байрлуулсан нь тухайн үедээ ихээхэн өвөрмөц барилгад тооцогдож байв. Тус “Цагтай сүм” нь одоогийн Төв шуудангийн оройд байх цагнаас ч өмнө Нийслэл хүрээнд сүндэрлэж байсан хамгийн том цаг байжээ.
Мөн хоёр давхар том барилга, харуулын өндөр байр, сайтар тохижуулсан усалгаатай цэцэрлэгт хүрээлэнтэй байсан ба Богд хаан хашаан дотор нь олон төрлийн мод тариулж, элдэв амьтад авчруулан тэжээдэг байжээ. 1920 он гэхэд Зуны ордон буюу Хүрэн ордон нэлээд өргөжин тэлж, олон байшин барилга, гэр тугдамуудаас бүрдэж, Богд хаан ихэвчлэн тус ордондоо зусаж, төрийн олон үйл хэргийг шийтгэн явуулж байв. Богд хааны гол зуслан болсон учраас Богдын ордны сүү цагаан идээг бэлтгэдэг цөөн тооны өндгөн сүргийг маллагч, сааль сүүний өрхүүд тус сүмийн хаяанд суурьшиж байсан гэдэг.
Хайстай лавиранг улаан өнгөөр бүтээсэн нь “эрхэнд хураахын зан үйл” хэмээн үздэг. Улаан ордонд анхны зоопарк төдийгүй байгалийн музей байрлаж байжээ. Буга, чоно, нохой төдийгүй Богдын заан хүртэл байсан ба Богд гэгээний чихмэл амьтдын цуглуулга байрладаг байсан тул гадаад, дотоодын олон жуулчдыг татдаг байсан. Хаант Оросын судлаач П.К.Козлов өөрийн тэмдэглэлд “Богдын амьтны хүрээлэнд халуун орны барс, Алтайн ирвэс дүүлж, Гималайн баавгай хүрхэрч, Энэтхэгийн могой мушгиралдаж, том жижиг сармагчингууд дүүлж, Шотландын одой морь янцгааж, Африк судалтай тахь гүйлдэж, Энэтхэгийн заан бүжиглэж, Монголын зээр, аргаль, янгир, хар сүүлт, чоно, тайгын нохой хүртэл тааваараа байсан ...” хэмээн бичсэн байдаг.
Богд хааны тэжээж байсан заан нь Оросын циркт тоглодог байсан бөгөөд 1913 онд Монголын язгууртнууд Орост айлчлах үедээ 22 мянган рублиэр худалдан авч байжээ. Тэрхүү зааныг Монголын хил хүртэл уурын тэргээр зөөж, Богд хааны зуны ордон хүртэл хөлөөр нь алхуулсаар найман сарын турш аялуулж авчирсан байна. Халуун орны заан Монголд 1913 онд ирээд, 13 жил амьдарсан бөгөөд Богдын бор зааныг өндөр Гонгор арчилж түүнд гурван гэлэн тусалдаг байсан гэдэг. Өндөр Гонгор нь 2.45 м өндөр хүн байсан учраас зааны нурууг нь угааж хувцсыг нь өмсүүлдэг байжээ. Богд хааны бор заан өдөрт 22 ширхэг мантуу, гурван жин шар тос, хоёр шанага улаан чавга иддэг байсан тухай тэмдэглэжээ. Богд хааны урчууд заанд зориулан гоёлын малгай, их биеийн өмсгөл урласан бөгөөд баяр ёслолын үеэр зааныг хувцаслан, унадаг байсан гэдэг. Халуун орны зааныг өвлийн улиралд тусгай галлагаатай байранд байрлуулдаг байсан бөгөөд зуны улиралд Хайстайн лавринд зусдаг байжээ.
Бөмбөгөр ногоон театрын төгөлдөр хуур ч энэ ордноос хураагдан очжээ. Анхны бягтруул, мебель тавилга, гоо сайхны хэрэгслүүд чухам энэ ордонд байдаг байжээ. Улаан ордны уран зургууд хүртэл улаан торгон дэвсгэртэй “мартан” танка зургууд байсан гэдэг. Хана нь улаан, хивс нь улаан, бүх зүйлд улаан өнгө давамгайлдаг. Богд хааны Улаан ордонд зочилсон дотоод, гадаад хүмүүс аргагүй уулга алддаг тийм нэг ер бусын ертөнц байсан ажээ.
Богд хаан цаг сонирхох дуртай, цагны маш баялаг цуглуулгатай байжээ. Богд хааныг жанч халсны дараа эд хөрөнгийг нь Эрүүлийг хамгаалах газар, Ардыг гэгээрүүлэх яам, Шашны газар, Цэргийн явдлын яаманд тус тус хуваарилан өгсөн тухай баримт үлдсэн байдаг. Архивын баримтанд “Эрүүлийг хамгаалах газрын хуваарьт олгосон юмны тэмдэглэл данс”-ны 1926 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэлд “Зургадугаар, долдугаар авдраас 6, 8, 20, 21, 22, 28, 36, 37, 38, 43, 80, 81, 82, 88, 108, 113-117, 125, 126, 134-136, 138, 139, 141,143, 144, 146, 148, 153, 160, 167, 171, 173, 175, 177, 179, 200, 220, 223, 232, 245, 260, 290, 307, 312, 313, 334, 338, 340, 341, 348, 356, 357 дугааруудад агуулсан сувд, паалантай ба мөнгө, төмөр цагнуудын үнэ 888 янчаан” хэмээн үйлджээ. Түүнчлэн 1926 онд зохион байгуулсан дуудлага худалдаагаар олон хүн Богд хааны цагны цуглуулгаас худалдаж авсан баримт эдүгээ Үндэсний төв архивт хадгалдагдаж байгаа ажээ.
YIII Богд Жавзундамба хутагт 1924 оны 5-р сарын 20-нд Хайстай лаврин буюу зуны ордондоо таалал төгсчээ. Богд хааныг жанч халсны дараа Хайстайн лавиранг Засгийн газрын комисс мэдэлдээ авч, доторхи үнэ цэнэтэй тавилга, эдлэл хэрэглэл, Богд хааны цуглуулгын зүйлсийг дуудлага худалдаагаар зарах, өөр бусад яам тамгын газар руу тарааж улсын орлого болгожээ. Улмаар 1937 онд тус ордонг Хувьсгалын намын төв сургууль болгон ашиглаж, дараа нь Удирдлагын академи болгожээ. Хүрэн ордны хуучин төрх байдал 1934 оны кино архивын зурагт хадгалагдан үлдсэн байдаг.
Хайстай лавиран ордноос 4 сүм л үлдсэн байсан ба 1990 оны үед тэдгээр байшин эзгүйрч, улмаар 3,4 айл дураараа орж суугаад дээврийг нь цоолж яндан гаргаж, дотор нь пийшин барьж, хананд нь хадаас хатгаж, дотор заслыг эвдэн сүйтгэжээ. 2008 оны 5-р сарын 14-нд 175 дугаар тогтоол гаргаж “Монгол Улсын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-ыг шинэчилж Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх түүхэн газруудыг нийслэлийн хамгаалалтанд авах болсноор Богдын зуны ордонд тухлан суусан тэдгээр айлуудыг нүүлгэжээ. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 464 дүгээр захирамжаар тус ордонд хамаарах 664 м.кв талбайг Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “Икэл сан”-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. Гэтэл Улаан ордныг сэргээн засварлахдаа цагаан өнгөтэй, цэнхэр цонхтой байшин болгон хувиргасан нь хуучны шинжээ алдсан байсан ба судалгаа шинжилгээ хийлгүйгээр сэргээн засжээ. Дараа нь ССАЖЯ уг ордонг “Богд хааны ордон музей”-д шилжүүлжээ.
Тус Хайстай лавирангийн үлдсэн байшингуудад “Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төв”, Удирдлагын академийн “мужааны байр” байрлаж, Дондогдулам хатны номын өргөөг Удирдлагын академийн ажилчдын сууц болгон ашиглаж байжээ. Эдүгээ эдгээр барилгууд нь өндөр байшин барилгуудад шахагдаж хавчигдан, гаднах талбайн зай багассан тул сэргээн засварлахад нэлээд бэрхшээлтэй болсон аж.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах