Шар ордон шатсан тул Туул голын хөвөөнд “Ногоон ордон” хэмээгддэг Шаравпэлжээлин буюу “Билгийг хөгжүүлэн бадруулагч сүм”-ийг 1893 оноос бариулж 1906 онд дуусгажээ. Тус ордон ногоон вааран дээвэртэй байснаас үүдэн ард олны дунд “Ногоон ордон” хэмээн нэрлэгдсээр иржээ. Оросын II Николай хаанаас VIII Богд Жавзундамбад бэлэглэсэн барилгын зураг төслөөр 1903 онд өвлийн ордон хэмээх Европ маягийн хоёр давхар цагаан байшинг барьжээ. Өвлийн улиралд уг байшинд амьдарч төрийн чухал хурал цуглаан, ёслолыг хийдэг байв. Эдүгээ өвлийн ордонд хаан, хатан хоёрын эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс хадгалагдаж байна.
Ногоон ордны хаалга наран ургах зүгт чиглэдэг учраас үүдээр нь жирийн ардууд явах эрхгүй байжээ. Нарны гэрэл хэний ч сүүдэрт саатахгүйгээр ордонд тусаж байх учиртай аж. Ногоон ордон эдүгээ “Богд хааны ордон музей” болсон бөгөөд “Зуны мөргөлийн сүм”, “Өвлийн ордон” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрддэг.
Зуны мөргөлийн сүм нь Ямпай (Халхавч хаалга), Асарт гурван хаалга (Ямба ёслолын хаалга), Шөргөн хайс, Тугны мод, Андимэн хаалга, Махранзын сүм, Торгон зургийн сүм, Уран зургийн сүм, Эрдэнэ итгэмжит буюу Найдан сүм, Олон бурханы сүм, Номын өргөө сүм, Сэрүүн асар буюу Лаврин сүмээс бүрддэг.
Ногоон ордон буюу Богд хааны ордон музейд Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлсийн жагсаалтад багтсан Хаянхярваа, Улаан сахиус, Дүйнхор, Намсрай, Гомбо, Дамдинчойжоо, Цамба бурхадын зээгт наамлууд, Марзан Шаравын зурсан “Хайстай Лаврин”, Хүрээний зураач Жүгдэрийн зурсан “Нийслэл Хүрээ” бүтээл, “Жигжид” бурханы танка, VIII Богд хаан, Дондогдулам хатны өмсөж, эдэлж байсан дээл хувцас, эдлэл хэрэглэл, гадаад, дотоод зочдын өргөсөн бэлэг дурсгал, худалдаж авсан эд зүйлс зэрэг XVII-XX зууны эхэн үеийн Монголын төр, шашны түүх, урлаг соёлын давтагдашгүй, хосгүй үнэт дурсгалууд, тухайн үед амьдарч байсан нэрт урчууд, дархчууд, Анхдугаар Богд Занабазарын дэг сургуулиар урлаж бүтээсэн цутгамал бурхад, торгон зураг, шороон будаг, цаасан шуумлын бүтээлүүд хадгалагдаж байдаг.
Махранз бурхадын сүмд байх баруун зүгийн эзэн Ёлхорсүрэн, зүүн зүгийн эзэн Жамжийсан, өмнө зүгийн эзэн Пагжийбуу, хойд зүгийн эзэн Намсрай бурхадын дүрийг цаасан шуумал аргаар шууж хийсэн ба Монголын шашны урлалын хамгийн том бүтээлүүд юм.
Богд гэгээний 25 насны ойд зориулж 1893 онд Сэцэн хан аймгийн бэйс Сангилагдорж “ирвэсийн арьсаар хийсэн дээвэр туургатай монгол гэр”-ийг бэлэглэжээ. Гэрийн бүрээсэнд 150 ирвэсийн арьс орсон гэдэг. Гэрийн хаалга, тооно, унийг үндэсний хээгээр зүмбэрлэж чимсэн ба тавилга, бурхан тахил, эд хэрэглэл бүр нь уран хийцтэй. Богд гэгээн энэхүү гэрээ бороо хургүй цагт гадаа бариулж, 10 хоногийн турш бясалгал үйлддэг байжээ.
Багадаа ямаа унаж, модон морь унаж, тараг цагаа идэж монгол хүүхэд шиг өссөнийг гэрчлэх ямааны эмээл, өмсөж байсан дээл, тоглож байсан модон тоглоом, ууж байсан таргаа асгаж халтардуулсан тэрлэг нь хүртэл Богд хааны ордон музейд хадгалагдаж байна.
1902 онд YIII Богд Жавзундамба хутагт Өндөр гэгээний шарилд мөргөхөөр Бээжинд олон удаа хүсэлт гаргаж байж явсан нь амьдралдаа анх удаа бөгөөд сүүлчийн удаа Хүрээнээс гарч алс газар аялсан нь тэр ажээ. Энэ аянаас эргэж ирээд одоогийн Хэнтий аймагт төрж өссөн жирийн бүсгүйтэй гэрлэж Цагаан дарь эх хэмээн өргөмжлөөд, 1911 онд "Эх дагина" хэмээн Улсын хатанд өргөмжилсөн.
Богд гэгээн гэрлэхээсээ өмнө Ногоон ордон буюу Шаравпэлжээлин дуганд “зуны оршил” хэмээх зан үйлийг 16 дияанч ламын хамт зуны эхэн сарын нэгнээс зуны дунд сарын 15 хүртэл 45 хоног хөл хорин сууж бясалгадаг байжээ. Энэ нь амьтан, ургамлын урган төлжих цагт, хөл хөсөөнөөр хорхой шавьж, навч цэцэг тэргүүтнийг гэмтээхгүй тулд хөл хорьж бясалгал, бүтээл үйлддэг уламжлалт зан үйл ажээ. Харин зуны сүүлийн 45 хоног буюу зуны дунд сарын 15-наас намрын эхэн сарын нэгэн хүртэл хугацаанд цам харайх, майдар эргэх зан үйлд оролцдог байв.
Богд хаан нь 1901 онд Монголд байдаггүй, нэн ховор амьтдын 200 гаруй чихмэлийг Германы Гамбург хотод захиалан хийлгэжээ. Түүний амьтны хүрээлэн нь Өвлийн ордны нэг давхарт шалан дээр ил байрладаг байжээ.
Богд хааны амьтдын чихмэлийн цуглуулга дотор Амазонийн хуягт зараа, шоргоолж идэштэн, залхууч зэрэг нэн ховор, сонин содон амьтад байсан бөгөөд 78 хувийг шувууны чихмэл эзэлдэг байжээ. Эдүгээ тус музейд 271 ширхэг ан амьтны чихмэл байгаа бөгөөд цагаан баавгай, аварга могой, анааш зэрэг амьтдын чихмэлүүд ч музейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг гэнэ.
Богдын номын сан, эрдэнэсийн сан, амьтны хүрээлэн зэргээс үзэхэд хачирхалтай олон зүйлсийг цуглуулсан байжээ. Хааны ордонд хэдэн өрөөг хамарсан монгол, нангиад, төвд, санскрит хэлээр бичсэн бурханы шашны судар ном, түүх шастир, үлгэр домгийн цуглуулга байсан гэдэг. Мөн буддын шашны олон бурхадаас гадна нефритийн бурхадын цуглуулга, цайны аяганууд, хөөрөгний цуглуулга ч байжээ.
Хаант Оросын судлаач П.К.Козловын тэмдэглэлд “Орос маягийн их ордон модон шалтай, уурын халаалттай, цахилгаан гэрэлтүүлэгтэй, Европ, Хятад, Монголын төрөл бүрийн ховор сонин зүйлс, баримал болон үнэт эдлэлүүд дүүрэн байдаг. Уран зураг, хаад ноёдын хөрөг хэчнээн олон төрөл байсныг хэлж гүйцэхгүй, тоолж баршгүй. Нэг тасалгаанд хөгжилтэй итали эрийн зураг, хажууд нь Английн Эдуард хааны зураг хүртэл өнгө ялгаран харагдаж байсан. Николай хааны хоёр ч төрлийн хөрөг байв. Төрөл бүрийн цагнууд, тэр ч байтугай эр эмийн дүрслэл бүхий гэрэл зургийн альбомууд, хятад ба орос шаазан эдлэлүүд, буу зэвсэгүүд ч байсан. Өөрийн гэсэн тансаг унтлагын өрөөтэй...” хэмээн бичжээ. Эл бүхнийг үзсэн Польшийн аялагч Оссендовский “Үнэт эрдэнэс, баялгийн тийм гайхам цуглуулгыг би өмнө нь огт үзээгүй, зүйрлэвээс Европын аль ч музей атаархахаар ... “ хэмээн дуу алдан өгүүлсэн байдаг. Богд гэгээн тухайн үеийн хамгийн баян хүн байсан бөгөөд Монголд орж ирсэн хамгийн анхны машин, мотоциклийг хүртэл унаж байсан хүн юм. Бөх, морь, даншиг наадмыг дуустал нь үзэж суух дуртай нэгэн байжээ.
Богд хааныг жанч халсны дараа 1925 онд Засгийн газраас тусгай комисс томилон хөрөнгийг нь хурааж, Богдын Ногоон ордныг Гэгээрлийн яаманд шилжүүлж, түүний эзэмшилд байсан үлэмж их эд зүйлс, урлаг соёлын дурсгалуудыг дуудлага худалдаагаар ард иргэдэд зарсан байдаг.
Үүний дараагаар Ардын намын төв хороо, Засгийн газрын 1926 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн тогтоолоор VIII Богд Жавзандамбын эзэмшилд байсан “Ногоон ордон”-г музей болгох шийдвэр гаргаж, худалдан борлуулаагүй түүх соёлын эд өлгийн зүйлс, бурхан тахил, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейд шилжүүлж бүртгэлжүүлсэн байна. Тус ордон музей 8000 гаруй үзмэртэй бөгөөд Монгол Улсын түүх соёлын үнэт өвд багтаж төрийн тусгай хамгаалалтад орсон. Эдүгээ Богд хааны ордон музей нь нийт сан хөмрөгийнхөө 13-хан хувийг олон нийтэд дэлгэн сонирхуулдаг, харин үлдсэн 87 хувийн үзмэрүүдээ сар бүр сэдэвчилсэн үзэсгэлэнд дэглэж олон түмэнд үнэ төлбөргүй хүргэдэг.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах