Монголын шашин төрийг хослон баригч Богдууд ногоон, цагаан, шар, зуны гэсэн дөрвөн ордонтой байжээ. Уг Шар ордон одоогийн Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн урд, 4 дүгээр дэлгүүрийн орчим байрлаж байсан ба тухайн үеийн Зүүн Хүрээний голд Богдын Шар ордон, түүнийг дагалдсан олон сүм дуган байжээ. Хүрээний дуган сүмүүдийн дотор хамгийн том буюу 108 баганатай Батцагаан цогчин дуганаас гадна уран барилгын хувьд үзэмж төгс, алтан ганжир оройт Дэчингалавын дацан зэрэг барилгууд байжээ. Анх 1639 оноос үүдэлтэй Шар ордон 1778 онд Их Хүрээнд бууриа засахдаа Хүрээний төв хэсэгт ийнхүү байгуулагджээ. IY Богд 1806 онд Дэчингалав хийдийг өргөтгөн байгуулснаар Шар ордон ихэд өргөжсөн түүхтэй. Хожим Y Богд Хүрээний гадна баруун этгээдийн Далхын дэнж дээр Гандантэгчэнлин хийдийг 1838 онд байгуулснаас хойш Шар ордон бүхий хүрээг нийтээр нь “Зүүн Хүрээ” хэмээн нэрийджээ. Шар ордонд 1905 оныг хүртэл үе үеийн Богд гэгээнүүд өвөлждөг байсан төдийгүй 4 улирлын турш хурал номын үйл ажиллагаа явуудпаг шашны гол төв орд байжээ.
Шар ордонд 1911 оны 12-р сарын 29-нд Монгол Улсыг сэргээн мандсаныг зарлан тунхаглаж, VIII Богд Жавзундамбыг Монгол улсын хаан ширээнд залж, YIII Богдын Төрийн ордонг Шар ордны хүрээн дотор байгуулснаар “Төрийн шар орд” хэмээх болжээ.
YIII Богд гэгээнийг хаан ширээнд өргөмжлөх ёслолыг Богдын Шар ордны өмнөх их талбайд үйлдсэн бөгөөд олон ноёд, Халхын 4 аймаг, Өвөр монгол ноёдын төлөөлөл, томоохон хутагт хувилгаад бүгд цуглажээ. Тэнд 20 орчим ханатай том гэр барьж “Монгол улсын төрийн ордон” (Төрийн тугдам өргөө) хэмээн нэрлэсэн ба одоогийн МУИС-ийн орчим байсан гэдэг. Тус төрийн тугдамд Богд гэгээнийг хаан ширээнд залах ёслолын үйл ажиллагааг Да лам Цэрэнчимэд удирдан явуулж, өргөмжлөх өргөмжлөлийг Халхын Сайн ноён хан Намнансүрэн уншиж, Чин ван Ханддорж, Түшээт гүн Чагдаржав зэрэг ноёд төрийн тамга, титэм зэргийг ээлж дараалан өргөсөн байна. Тэр мөчид төрийн ордонд байсан, төрийн ордны гадаа цугласан хүмүүс бүгдээр баруун өвдөг дээрээ гурвантаа сөгдөж, есөнтөө мөргөлөө гэж тэмдэглэсэн байдаг. Монгол Улсын өнцөг булан бүрт байсан хүмүүс Хүрээний зүгт хандан сүү өргөж, цагаан идээний дээж өргөн, нүдэндээ нулимстайгаар Монголчууд тусгаар тогтнолоо оллоо хэмээн магнай тэнийн баярлаж байсан гэдэг.
Богд хаан анхны зарлигаараа Ерөнхий сайдаар Сайн ноён хан Т.Намнансүрэн, Гадаад яамны сайдаар Чин ван Ханддорж, Дотоод яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Сангийн сайдаар Түшээт гүн Чагдаржав, Шүүх яамны сайдаар Намсрай гүн, Цэргийн яамны сайдаар Далай ван Гомбосүрэнг томилж, шоронд хоригдож байсан хоригдлуудыг суллаж, өндөр настнууд, цугласан олонд тусгайлан хишиг түгээж ёслолын үйл ажиллагаа орой нар шингэх үе 17 цагт өндөрлөж байжээ.
Богд хаан Англи, Орос гэх мэт гадаад хүмүүстэй холбоотой байсан ба Богд хааныг эзэн хаанаар өргөмжлөгдөхөд Оросын эзэн хаан II Николай өөрийн алтадсан хөргийг ирүүлж баяр хүргэсэн байдаг. Монголын Их Хүрээнд цугласан ноёд, хутагт хувилгаад Богд хааны адисгүйгээр Хүрээнээс гарч явдаггүй байх хэмжээнд хүртэл хүлээн зөвшөөрөгдөж хүндлэгдсэн хүн байсан. Богд гэгээн аливаад тууштай ханддаг зан чанартай, зоригтой хүн байсан бөгөөд Манж амбантай олон удаа заргалдаж Манжийн хаанд хэд хэдэн удаа гомдол мэдүүлж, нэг бус удаа Манжийн амбанг нь тушаалаас нь буцаалгаж байсан гэдэг.
1924 онд Богд хаан таалал төгссөний дараа Төрийн шар ордыг татан буулгаж, ордны бусад барилгуудыг 1937 – 1938 онд битүүмжлэн улмаар бүрмөсөн нураажээ.
Богд гэдэг үг ямар утгатай үг вэ. "Бугдха" буюу "бурхан" гэсэн уйгар үгнээс гаралтай гэж хэл шинжээчид үзжээ. Зарим нь “бөгэт, богат гэсэн түрэг үгнээс гаралтай” гэж үзжээ. Манж, тунгус хэлэнд “Мүгдэ” гэж байсан ба үүнээс үүдсэн гэнэ. “Мүгдэн” гэж “Богд хот” гэсэн үг гэж манж хэлний судлаачид ярьдаг. Хуучны сударт “Биеийн чадал хүчин төгссөн хүмүүнийг баатар хэмээмүй. Бие хийгээд сэтгэлийн эрдэм төгссөн хүмүүнийг БОГД хэмээмүй” хэмээн бичжээ. Богд хэмээх цолыг Монголд тун цөөн хүнд олгожээ. Эзэн богд Чингис хаан, амьдралынхаа 30 гаруй жилийг бясалгал хийж, шашин дэлгэрүүлж өнгөрүүлсэн Торгуудын Аюук хааны хөвгүүн Авид буюу Нэйж тойн богд, Өвөр богд Жанжаа, Ар Богд Жавзундамба гээд болно. Богд хэмээх цолыг монголчууд зөвхөн монгол хүндээ өгч иржээ.
“Хутагт” гэдэг бол “Эрхэн сууринд суугч буюу тэргүүлэгч” гэсэн утгатай уйгар үг. Өөрөөр хэлбэл, “үг дуугүй захирагдаж, хүлээн зөвшөөрөх ёстой шашны тэргүүн” гэсэн утгыг бүрнээ илэрхийлнэ.
Дондогдулам хатныг Дондүвлхамо хэмээдэг ба “тус бүтээгч охин тэнгэр” гэсэн утгатай, мөн “Очирдара бурханы хамтатгагч эх” хэмээн нэрлэдэг.
Эдүгээ “Богд судлал” гэх шинжилгээ судалгааны салбар хэдийнэ бий болж, олон улсын эрдэмтэд хүртэл судлаад эхэлжээ. Унгар, Төвд, Монголд эрдэм шинжилгээний хурлууд болж, лекцүүд уншигдаж, ном товхимолууд гарч байна. Богд хааны өмч буюу дүр дүрийн богдуудын өмчийг нийтэд нь “их шавь” хэмээх бүтэц хариуцдаг байжээ. Ямар нэгэн татвар төлөхгүй, цэрэг дайны үйл хэрэгт оролцохгүй, зөвхөн Богдын мал сүрэг, үл хөдлөх хөрөнгийг хариуцан хамгаалдаг үүрэгтэй. Эрдэнэзуу хийд, Баруун хүрээ Шанхын хийд, Амарбаясгалант хийд, Дамбадаржаалин хийд, Гандантэгчэнлин хийд, Зүүн хүрээ Дашчойлин хийд гээд бүгд Богдуудын өмч юм.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах