Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт, Гадаад харилцааны яамны хойд цэцэрлэгт хүрээлэнд байдаг. Энэхүү гэрэлт хөшөөг нийслэл Улаанбаатар хот анх үүсч байгуулагдсаны 355 жилийн ойгоор Их Хүрээ, одоогийн Улаанбаатар хот Хүн чулууны хонхорт 1778 онд ирж суурьшсан үйл явдалд зориулж, Д.Наранжавын зураг төслөөр 1994 онд босгожээ. Хөшөөний суурийн урд хэсэгт Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Хойчийн хүмүүс мэдтүгэй, монголчуудын нийслэлээ товлож шав тавьсан газар болой” гэсэн үгийг эвхмэл үсгээр бичжээ. Мэлхий суурийн дээрх пайлуурын дээд талд нийслэлийн сүлд, Богдхан уулын савдаг Хангарьдийг байрлуулж, пайлуурын дөрвөн талд эвхмэл монгол бичгээр “Өргөө – Номын хүрээ – Их Хүрээ – Нийслэл Хүрээ - Улаанбаатар” хэмээх түүхэн нэрсийг бичжээ. Уг дурсгал Сүхбаатар дүүргийн хамгаалалтад байдаг.