Хүрэл зэвсгийн үе буюу НТӨ 3000 – 1000 жилийн үед холбогдох, УБ хотоос 25 км зайд байх дурсгал юм. Гачууртын амны Гачууртын голын баруун талын зүүн тийш харсан хадан хясаанд буй хадны улаан зосон зураг судлаачдын анхаарлыг татсан. Анх 1960 онд Зөвлөлтийн эрдэмтэн А.П.Окладников илрүүлэн судалсан.
Хясааны хамгийн баруун захад орших толигор хаданд дотроо хэдэн толботой дугуй хүрээ, дээрээс доош, баруунаас зүүн тийш тоонолжсон хоёр зураасаар дөрөв хуваасан жижиг дугуйн хүрээ, дотроо хэдэн толботой дөрвөлжин хашлагыг эгнүүлэн дүрслээд доор нь нохой хөтөлсөн хоёр хүн зуржээ. Түүний зүүн доор нэлээд зайтай гурван хүн, гурван толбо дүрсэлсэн байна.
Хамгийн дээд талд зурагтай хадны төв хэсгийн том хавтгай хаданд зэрэгцээ хоёр замаар нэг нэг адуу хөтөлсөн хоёр хүн, урд талын хүний дэргэд гурван толбо дүрсэлсэн байна. Замын доод талд мөн хоёр адуу гурван хүн, нисч яваа хоёр бүргэд дүрсэлжээ.
Төв хэсгийн доод талын том хавтгай хадны дээд талд нисч яваа бүргэд, ганц хүн, түүний доор дотроо эгнэсэн олон толботой гурван дөрвөлжин хашлага дүрсэлсний хоёрынх нь дотор тус бүр дөрөв дөрвөн хүнийг гар гараасаа хөтлөлцөн зогсож буйгаар урласан.
Ялгарах онцлог нь нохой хөтөлсөн хүн, шувууны дүрснүүд нь Монголын нутаг дахь хадны зургууд дотор маш ховор дүрслэл юм. Ийм төрлийн зосон зургийг археологийн судалгаанд “Сэлэнгийн зосон зураг” хэмээн нэрлэх бөгөөд Төв ба Умард Монгол, Өвөр Байгалийн нутаг хүртэлх өргөн уудам нутагт тааралдана. Сэлэнгийн хэмээх хадны зосон зургийн ихэнх нь судлаачид тухайн овог аймгийн шүтлэг бишрэлийн газар, тариалангийн баяр ёслолыг тусган үзүүлсэн, овог аймгийн бие даасан байдлыг илэрхийлсэн хэмээн янз бүрээр тайлбарласан байдаг боловч зарим судлаачид хүрлийн үеийн оршуулгын зан үйл гүйцэтгэж байгаа буюу түүнтэй холбоотой үйл явдлыг харуулсан хэмээн үзсэн байдаг нь үнэнд илүү нийцдэг ажээ.