Төв шуудан

Монгол Улс дэлхийн асар өргөн уудам нутгийг эзлэн оршиж байсан үед буюу 1228 – 1241 онд Өгөөдэй хаан мэдээлэгч, захирагч нарыг бий болгон “морин өртөө” байгуулсан нь мэдээлэл харилцаа дамжуулах сүлжээг анх үүсгэн байгуулсан. Улаанбаатар хотод анх 1919 онд “Телеграф холбоо” байгуулагдаж олон улсын телеграфын сүлжээнд орсон. Түүнээс өмнө энгийн цаасан хэлбэрийн шуудан холбоо ажиллаж байв.

1921 онд Ардын Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсын “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо” байгуулагдсан. 1935 онд Нийслэлийн Төв холбооны газрын Төв шуудан тасаг, 1966 – 1990 онд Төв шуудан, 1990 – 1994 онд Шуудан холбооны газар, 1994 оноос Монгол шуудан ТӨУҮГ болж зохион байгуулагдсан.  2002 онд Монгол шуудан ХХК, 2009 онд Монгол шуудан ТӨХК, 2016 онд Монгол шуудан ХК болгон өөрчилсөн.

Эдүгээ Монгол Улсын 21 аймаг, дүүргийн 22 “шуудан үйлчилгээний газар”, 330 сум болон Улаанбаатар хотын 38 “шуудангийн үйлчилгээний салбар”-аар дамжуулан нийт 900 гаруй ажиллагсадтайгаар шуудангийн 30 гаруй нэр төрлийн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэн явуулж байна. Улс, хот хоорондын шууданг 7 хоногт 3-6 удаа, аймгийн төв, сум хооронд 7 хоногт 2-4 удаа, сумаас 1200 гаруй багт 7 хоногт 1 удаа шуудан хүргэхээс гадна дэлхийн 200 гаруй улс оронтой шуудангийн харилцаатай ба түүний дотор 38 оронтой “буухиа шуудан” солилцож байна. 30 мянган шуудангийн хайрцаг эзэмшигч, 200 мянган хэвлэл захиалагч, 10 мянган албан байгууллагад шуудан хүргэлтийн үйлчилгээ үзүүлж, жилд 10 сая гаруй ширхэг бичиг захидал, илгээлт, хэвлэлийг эзэнд нь хүргэж өгдөг.

Монгол шуудан ХК ба Монголын цахилгаан холбоо ХК нь хоёр тусдаа үүрэгтэй компаниуд юм. 1995 онд байгуулагдсан анхны интернет харилцааны Датаком ХХК-ийн үйлчилгээгээр иргэдийн интернет харилцааны эхлэл тавигдсан ба Монголын цахилгаан холбоо ХК шугаман холбооны үйлчилгээ, үүрэн утасны үйлчилгээг, Монгол шуудан компани энгийн шуудангийн үйлчилгээг хариуцан эрхэлсэн. Эдүгээ 4 үүрэн утасны хувийн компаниуд харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байна. Төв шуудан ХК-ийн 4 давхар барилга нь Сүхбаатарын талбайн баруун урд талд байрладаг.