1861 онд Их Хүрээний зүүн тал Маахуур толгойн энгэрт Хаант Оросын консулын газар нээгдсэнээр Хүрээнд Оросын худалдаачид аажмаар ирж суурьшин Монгол-Орос, Орос-Манжийн харилцаа өргөжихөд чухал нөлөө үзүүлжээ. 1863-1865 онд Оросын консулд зориулж европ маягийн хоёр давхар дүнзэн барилгыг барьж, 1869-1870 онд уг барилгын нэгдүгээр давхарыг зүүн тийш өргөтгөн Свято-Тройцкийн сүм босгож 1872 онд аравнайлжээ. Орос иргэдийн нэг хэсэг нь Их Хүрээний зүүн талд Консулын дэнжид, нөгөө хэсэг нь Зүүн хүрээний баруун урд хэсэгт, худалдааны захын орчимд амьдарцгааж байв. Харин Консулын дэнжид гол төв нь байсан тул тэнд орос цэргийн клуб, соёлын ордон, эмнэлэг, эмийн сан, хэвлэлийн газар зэрэг олон байгууллага төвлөрсөн ба тэдгээр нь хавь ойрынхоо монгол, хятад оршин суугчдад багагүй нөлөөлдөг байжээ. Оросын консулаар Я.П.Шишмарев 50 гаруй жил Монголд суужээ. Энэхүү орос хороололд 1918-1919 онд Консулын дэнжийн нууц бүлгэм бий болсон ба тэдний байрлаж байсан байшин эдүгээ орос эмнэлгийн хашаанд байдаг.