Одоогийн “Галерей Улаанбаатар” буюу хуучнаар хэвлэх үйлдвэрийн баруун талд, одоогийн Төрийн ордны зүүн урд өнцөгт Унгарын цагаач иргэн Йосеф Гелетагийн зураг төслөөр барьж 1926 оны 9-р сарын 14-нд нээлтийг нь хийсэн Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр ногоон театр байжээ. Оросын алдарт зураач, монголч эрдэмтэн Н.К.Рерих 1926-1927 онд Улаанбаатарт байхдаа К.Померанцевтай уулзах үеэр шинээр байгуулагдаж буй театрт зориулан 6х12 метр хөшигний материал дээр зураг зурж өгөх саналыг хүлээн авч, улмаар зурж өгсөн ажээ. Энэ ордон нь тухайн үед театрын үүргээс гадна Засгийн газрын хурлын танхимын зориулалтаар ашиглагдаж байжээ. Харамсалтай нь тус театр 1949 оны 1 дүгээр сард шатжээ.