Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Нийслэлчүүдийн ая тухтай амьдрал, амралт зугаалгын бүс бөгөөд бүрэн ашиглалтад орох үедээ 973 га талбайг хамарсан тохижилт, ногоон байгууламж хийгдсэн байх юм. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 230 дугаар захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын захиргааг Хот тохижилтын газрын харъяанд байгуулж дарга, менежер, дендрологич, харуул 12, худгийн моторчин 2, бүгд 17 орон тоотой баталж мэргэжил аргазүйн удирдлагаар хангасан. НИТХТ-ийн 2010 оны 30-р тогтоолоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ТӨҮГ-ыг байгуулж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 756 дугаар захирамжаар бүтэц орон тоог шинэчлэн 113 хүний бүрэлдэхүүнтэй болгожээ. НИТХТ-ийн 2015 оны 23-р тогтоолоор үндсэн чиг үүрэг, удирдлага, бүтэц, хяналт, эрх үүргийг тодорхойлохтой холбогдуулан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ болгож, дүрмийг шинэчлэн баталсан.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Баянзүрхийн гүүр хүртэл нийт 973 га газарт байгуулахаар төлөвлөж, 183 га талбайн ерөнхий төлөвлөгөө гарч, НИТХТ-ийн 2011 оны 53-р тогтоолоор эхний ээлжийн 30 га газрын талбайн нарийвчилсан зураг төсвийг баталсан.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Туул голын ай сав газрыг цэцэрлэгжүүлэх, нийслэлийн иргэдийн ундны усны нөөцийг нэмэгдүүлж, хамгаалалтыг сайжруулах, нийслэлийн оршин суугчдын чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын жишигт нийцсэн амралт зугаалгын төв болохоор ерөнхий төлөвлөгөөний дагуу үе шаттай ажлуудыг зохион байгуулж 2020 онд гүйцэтгэж дуусахаар төлөвлөсөн.

2010 онд ТЭЗҮ, хөрсний иж бүрэн судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг шинээр хийж, 22 төрлийн мод сөөгийг тарих дүгнэлтийг гаргасны дагуу ногоон байгууламжийн ажлууд хийгдсэн. 2010 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн БНСУ-ын Үндэсний хороотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, 4.5 га газарт мод сөөг тарьж ургуулсан. Жил бүрийн 5, 10 дугаар сард “Бүх нийтээрээ мод тарих өдөр”-ийг албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулан зохион байгуулж, эдүгээ 183 га талбайд ногоон байгууламжийг бүтээж, 28.5 га талбайд зүлэгжүүлэлт хийж, 110000 гаруй мод, сөөг тарьсан нь 96 хувийн ургалттай байгаа бөгөөд нийслэл хотын ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлж байна.

2018 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн 25 га талбайд экстрим спортын талбайг байгуулж, МУУГЗ барималч А.Очирболдын зураг төслөөр “тэшүүрээр гулгаж буй эмэгтэй” баримлыг барьсан. Мөн 30 га талбайд 12 жилийн баримал хөшөөг явган зам дагуу байгуулсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд олон улсын стандартад нийцсэн “Дайчин чанар – Тэсвэрийн талбар” байт харвааны 360 талбай зэргийг байгуулсан.  Мөн цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд 3.36 га талбайд наран шарлагын газар тохижуулсан.

2019 онд дотоод, гадаадын хамтын ажиллагааны хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран явган хүний зам, сандал сүүдрэвч, ногоон байгууламж бүхий тохижилтууд хийж, Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас 1000 метр квадрат талбайд Ц.Дамдинсүрэнгийн хөшөөг босгож орчны тохижилтын ажлыг хийсэн. Олон улсын “Койка” байгууллага Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд явган хүний зам бүхий тохижилт хийж 300 хайлаас модоор ургамлан хашлага, 70 ширхэг нарс мод тарьсан. Мөн НАЗХ-ноос 5000 метр квадрат талбайд явган зам, сүүдрэвч, хөшөө байгуулсан.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаа “Лове Лаят Лэнд” ХХК-тай хамтран томоохон төсөл болох “Гэрэлт гэр” тохижилтыг хэрэгжүүлж байна. Гэрэлт гэр төслийн хүрээнд 42м диаметртэй, 15м өндөртэй, ган төмөр бүтээцтэй гэр баригдаж, эргэн тойронд гэрэлт гудамж тохижуулж, цахилгаан мотороор ажилладаг сүйх тэрэгний үйлчилгээ, тоглоомын талбай, усан оргилуур зэргийг байгуулж байна. Мөн энэ хотхонд Монголын хамгийн урт усан суваг болох усан гудамж хийж байгаа бөгөөд зуны улиралд завиар аялах боломжтой, өвлийн улиралд мөсөн гулгуурын зориулалттай байхаар тохижуулагдаж байна. Мөн гэрэлт гэрийг тойруулан халуун хоол, амттан, зууш, ундаагаар үйлчлэх зориулалттай 9 бага гэрийг барьж тохижуулсан. Гэрэлт гудамж нь 240 м урт сүүл үеийн технологи бүхий гэрлээр тоноглогдож байгаа бөгөөд мөн хамгийн орчин үеийн тохижилт үйлчилгээтэй кино театр барихаар төлөвлөжээ.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд “Ази номхон далайн ойн нөхөн сэргээлт менежментийн олон улсын ТББ”-ын хөрөнгө оруулалтаар 8.4 га талбайд “бичил ботаник хүрээлэн”-г Япон улсын Хоккайдо мужийн ногоон байгууламжийн газартай хамтран байгуулсан. Зам талбайн хучилтын ажил, гэрэлтүүлэг, усан сан, хашлага, чулуун баримал, чулууны тохижилт, явган зам, асар зэргийг байгуулж, 2000 мод тарьсан байна.