Скай ресорт

MCS групп, Петровис компани, Скайтель групп хамтран 2008 онд “Скай ресорт” компанийг байгуулж, 2009 онд Монголд анх удаа олон улсын стандартын цанын баазыг ашиглалтад оруулсан. Улмаар 2012 онд дэлхийн аваргын стандартын гольфийн талбайг нээж, 2016 онд Клаб хаус, АСЕМ гэр болон АСЕМ хотхоныг ашиглалтад оруулан аялал жуулчлалын цогц үйлчилгээ бүхий цогцолборыг бий болгосон. Хамгийн сүүлд 2018 онд 10 жилийн ойн босгон дээрээ амьд зүлэгтэй олон улсын стандартын хөлбөмбөгийн талбайг ашиглалтад оруулж 8-р сарын 26-нд албан ёсоор нээлт хийсэн.

Нийслэлчүүдийг өвлийн улиралд агаарын бохирдолгүй эрүүл орчинд чөлөөт цагаа идэвхтэй амарч өнгөрүүлэх, өвлийн спортын баг тамирчдыг дэмжих, хязгаарлагдмал өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Монголд анх удаа олон улсын стандартад нийцсэн цанын баазыг нээсэн бол, Монгол Улсыг олон улсын өндөр зэрэглэлийн гольфын ертөнцөд таниулах, гольфийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэмжих зорилгоор дэлхийн жишигт нийцсэн гольфийн талбайг байгуулсан. Эдгээр бүтээн байгуулалтанд 46.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарцуулжээ.  

Цанын бааз нэг дор 1300 хүнд, өдөрт 4000 хүнд үйлчлэх хүчин чадалтай, уулын цана, снөүбоард, гүйлтийн цана, чарганы талбай болон аюулгүй байдлын эргүүл, 300 хүний багтаамж бүхий ресторан, 1000 машины зогсоол, 480 шүүгээ бүхий хувцас солих өрөө, анхан шатны тусламж үзүүлэх эмнэлэг, өндөр зэрэглэлийн сургалт явуулах багтай. Түүнчлэн олон улсын стандартын 18 нүхтэй гольфийн талбай, клабхаус өдөрт 180 хүртэлх гольфчид тоглох хүчин чадалтай.

Скай ресорт цогцолбор нь жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, 2009-2018 онд давхардсан тоогоор 1.2 сая өвлийн амрагч, 34 мянган гольф сонирхогчдод үйлчилсэн. Гольфийн талбай нь Шотланд линкс хэв маягтай, 18 нүхтэй бөгөөд дэлхийн олон орны хамгийн шилдэгт тооцогдох гольфийн талбайг бүтээсэн мастерууд болох М.Дейл, К.Рамсей нарын оролцоотойгоор байгуулагджээ.

Скай ресорт цанын бааз нь байгуулагдсан цагаасаа эхлэн Биеийн тамир спортын газар, Монголын үндэсний олимпийн хороо, Монголын цанын холбоо зэрэг байгууллагуудтай хамтран Монгол Улсын тамирчдын амжилтыг олимп, тив, дэлхийн наадмын түвшинд хүргэхийг зорин ажиллаж, цана, гольфийн 200 гаруй тэмцээнийг зохион байгуулсан.

Уулын оргил руу дүүжин лифтээр аялж цана, снөүбоардоор бууж болно. Цана, снөүбоардоор гулгаж чадахгүй хүмүүс мэргэжлийн багш нараар ганцаарчилсан хичээл заалгаж, хэрхэн зөв, аюулгүй гулгах техникийг 90 минутын дотор заалгах боломжтой. Цанын хэрэгсэл, цасны хувцас, малгай, бээлий гэх мэт хувцас, хэрэглэгдэхүүнийг худалдаалах, түрээслэх үйлчилгээтэй. Цанын баазаас 12-р сарын 1 хүртэл амралтын өдрүүдэд үндсэн үнээс 30%-ийн хямдралтай үйлчилгээг үзүүлж, ажлын өдрүүдэд 15000 төгрөгөөр (2021 оны үнэ) үйлчилж байна. Мөн бүтэн улирлын турш цагийн хязгааргүйгээр цанаар гулгах эрхийг 350 мянган төгрөгөөр, зориулалтын хэрэгслийг багтаасан 12-р сарын 1 хүртэлх улирлын эрхийг 560 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой.

Чаргаар гулгах, хүүхдийн цана, мөн виртуал, аркад, оньсон гэх мэт олон төрлийн тоглоомын төвүүд үйл ажиллагаа явуулдаг. Монгол, европ, солонгос, япон үндэсний төрөл бүрийн хоол, түргэн хоол, кофе кафед үйлчлүүлэх боломжтой. Хүүхдийн тоглоом, амттан, ундаа шүүс гэх мэт өвлийн худалдааны гудамжтай. Скай ресортын автобус Улаанбаатар хотын төв Блю Скай зочид буудлын зогсоолоос өдөр бүр цагийн хуваарийн дагуу явдаг. Өвлийн улиралд төрсөн хүмүүс төрсөн өдрөөрөө Скай ресорт баазад үнэ төлбөргүй гулгах боломжтой байдаг.