Арьс ширний анхан шатны боловсруулах үйлдвэр гэж тухайн үедээ том байгууламж байсан. Мах комбинат болон орон нутгаас чиргүүлтэй Зил-130 машинаар ирсэн арьс, ширийг машинтай нь оруулан буулгаж, давслан хурааж байсан том агуулахуудыг “Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхим болгон тохижуулаад байнга үзэсгэлэн яармаг зохион байгуулдаг болсон юм.
Мишээл экспо ХХК нь 2002 оноос эхлэн үзэсгэлэн худалдаа, бизнес форум зохион байгуулах, шоу бизнесийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй салбартаа тэргүүлэгч, Монголын хамгийн том үзэсгэлэн худалдааны компани юм. Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй нийт үзэсгэлэн, арга хэмжээний 60-аас дээш хувийг зохион байгуулж байна. Мөн олон улсын үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд 50 гаруй томоохон үзэсгэлэнг нээжээ. Олон улсын стандартад нийцсэн заал танхим, орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.
Мишээл экспо төв нь 2007 онд “Дэлхийн худалдааны төвүүдийн холбоо”-ны гишүүн байгууллагад элссэн. 2019 онд олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн. “Мишээл сити” төслийг хэрэгжүүлж, “Мишээл экспо цэцэрлэгт хүрээлэн”-г ашиглалтанд оруулаад байна.
2020 онд Хан-Уул дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт “Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн” байгуулагдсан. Мишээл группын 100 гаруй харилцагч байгууллага хамтран 110000 метр.кв талбайд байгаль орчин мэдэхүйн цэцэрлэгт хүрээлэнг бий болгосон. Монгол Улсад ховордсон мо бут, сөөг, ургамлын төрөл зүйлийг дахин сэргээх зорилгоор байгуулагдсан бөгөөд бүтээн байгуулалтын явцад нэг ч мод бутыг тайралгүйгээр байгалийн унаган төрхийг нь хадгалан тохижилт хийжээ. Хүүхэд багачуудад зориулсан амьтны хүрээлэн, дугуй түрээсийн үйлчилгээ, байт харваа, сагс ба гар бөмбөгийн сургалт, хөл бөмбөгийн сургалт, иогийн сургалт зэргийг зохион байгуулдаг.
Тус хүрээлэн одоогийн байдлаар ахмадын чөлөөт цаг өнгөрөөх хэсэг, гар бөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, цэцгийн мандал, цөөрмийн эргийн тавцан, хүүхдийн тоглоомын гурван хэсэг талбай, голын эргийн тавцан, алсыг харах цамхаг, ховор ургамлын таримал цэцэрлэг, түр амсах хэсгүүдээс бүрдэж байна.