Түмэн эх чуулга 1989 онд Найрамдал паркад буюу одоогийн Үндэсний соёл амралтын хүрээлэнд байгуулагдсан юм. Тухайн үеийн “Хүүхдийн парк”-ийн захирал С.Лунаа “Паркад ардын урлагийн театр байх нь үйлчилж буй хүүхдүүд үндэсний өв уламжлал, өв соёлоо танин мэдэхэд ач холбогдолтой” хэмээн Ардын билэг зүйч Ж.Бадраад санал тавьсанаар уртын дуучин С.Цоодолтой хамтран үндэсний дуу бүжгийн Түмэн-Эх чуулгыг байгуулсан гэдэг. Чуулгын уран бүтээлчдийн анхны баг таван хөгжимчин, хоёр дуучин, гурван бүжигчнээс бурдэж байв. Гэвч үзэгчид нэмэгдэхийн хэрээр, түүнчлэн цаг үеийнхээ хөгжлийг дагаад уран бүтээлчдийнхээ тоог нэмэх шаардлага зүй ёсоор урган гарчээ. Ингээд 1990-ээд оны дунд үеэс чуулгын удирдлагууд хүний нөөцийн бодлогоор нийт уран бүтээлчдийг СУИС, Хөгжим бүжгийн коллежд сургаж, мэргэжлийн тегсөгчдийг чуулгадаа авах болсон байна. Өнөөдөр тус чуулга нийт 40 гаруй уран бүтээлчтэйгээр гайхам баялаг тоглолтоороо үзэгч олонд бэлэг барьж байна.
Хамгийн ойроос үндэсний урлагийг тольдож болох хагас дугуй тайз, монгол гэрт найрлан сууж буй мэт сэтгэгдэл төрүүлэхүйц үзэгчдийн суудал нь тус театрын нэг онцлог юм. Жуулчдын түлхүү ирж буйн шалтгаан нь тайзны энэхүү онцлогтой ч холбоотой. Ихэвчлэн өндөр тайзан дээр өсгөгч ашигласан техникийн шийдэл, эгнээ суудлын дугаартай эгнэсэн сандалд сууж үздэг театрын хэв маягаас өөр орчин тус чуулгад орж ирсэн хэн бүхнийг угтдаг бөгөөд дэлхийн хаана ч байхгүй, дахин давтагдахгүй, өвөрмөц дотоод заслыг хардаг.
Чуулгын тоглолтууд урьд нь уран бүтээлчдийг ээлж дараалан зарлах байдлаар үргэлжилдэг байсныг өөрчилж, үзэгчдийн сонирхлыг татах үүднээс гурван хэсэгт хуваасан байдаг. Нэгдүгээр хэсэгт нүүдэлчин монголчуудын язгуур өв соёлын бүтээлүүд багтана. Лимбэ, морин хуур, хүндэтгэлийн хадагтай ордны бүжиг, хөөмэй, бөөгийн бүжиг, цамын бүжиг, бий биелгээ, ардын дуу зэргийг үндсэн хэв маяг, намба төрхөөр нь үзэгчдэд харуулна. Хоёрдугаар хэсэгт Монголын уран бүтээлчдийг алдаршуулах үүднээс алдартай хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, бүжиг дэглээчдийн сор болсон бүтээлүүдийг толилуулна. Харин гуравдугаар хэсэгт хувцаснаас эхлээд хэмнэл бүхий ая дан, монгол бүжгийг модерн хэв маягтай хослуулсан бүжиг, ардын хөгжмөөр дэлхийн алдартай уран бүтээлүүдийг тоглох зэрэг язгуур өв соёлыг орчин үеийн хэмнэлтэй хоршуулсан зохиомжуудыг үзүүлдэг. Эдгээр нь монгол үзэгчдэд төдийгүй монгол урлаг соёлыг анх удаа сонирхож буй гадаад үзэгчдэд маш ойлгомжтой байсан төдийгүй тэднийг огшоож, гайхшируулж, сэтгэл хөдлөлийг нь дээд цэгт хүргэж чаддаг.