Дондогдулам хатны дурсгалын хөшөө

Чингэлтэй уулын амнуудаас хамгийн алдартай нь Шарга морьтын ам юм. УБ хотын Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутагт байдаг. Шаргаморьтын амны хойд талаар уртрагийн дагуу сунан тогтсон, баруун тал руугаа аажим налсан тогтоцтой, дунд хэсэгтээ өндөрлөг, оройн хэсэгтээ суваргатай уул бий. YIII Богд хааны хатан, Эх дагина Дондогдуламыг таалал төгсөхөд түүний шарилыг 8 шарга морь хөллөсөн тэргэн дээр тавьж гашуудлын цуваа үүсгэн эл аманд ирж, шарилыг нь шар тосонд хайлж чандарлан, 8 шарга морийг нь сэтэрлэн дархалж тавьснаас үүдэн “Шарга морьт” хэмээн нэрлэх болжээ.

Эл түүхтэй холбоотой байж болох газарт 2018.09.08-18-ны хооронд археологийн малтлага судалгаа хийж Эх дагины дурсгалд холбогдох олдворыг бүртгэлжүүлжээ. Энд 7 х 6 метр харьцаатай, газраас дээш ойролцоогоор 50-70 см өндөр чулуун өрлөгтэй, дөрвөлжин хэмжээтэй байгууламжийн үлдэгдэл бий. Гадна талаар нь хагас дугуй хэлбэртэй ус зайлуулах сувгийн ул мөр мэдэгдэнэ.

Малтлагын явцад нүүрэн талдаа дөрвөн дэлбээт цэцгэн хээ, очир дүрсэлсэн хөх тоосго гарч байсан нь суварганы үлдэц суурь болохыг илтгэжээ. Дээд язгууртай хүмүүнийг суварганд хийж оршуулахад доод дөрвөн суурийн гадна очир болон цэцгэн хээт тоосгоор чимэглэх явдал бурханы шашны ёсонд байдаг.

Энэхүү суварга байж мэдэх байгууламжийн баруун дээд талд дөрвөн тал гарган зассан 1.8 метр өндөр цайвар саарал өнгийн боржин чулуун хөшөө байх бөгөөд хөшөөний дөрвөн тал тус бүрд суварга, тарнийн үсэг товойлгон сийлжээ. Дөрвөн буланд гүн ховил гарган нарийн үзүүртэй багажаар сайтар янзалсан нь мэдэгддэг. Хөшөө дээд хэсгээрээ 38 см, доод сууриараа 60 см. Эл хөшөөг Улсын эх дагина Дондогдулам хатны дурсгалд зориулан бүтээжээ.

  • Хөшөөний урд зүг рүү харсан талд Бурхан багшийн 8 суварганы “Рид хувилгааны суварга” болон Очирваань бурханы “Ум базар вани хум пад” зүрхэн тарнийг товойлгон сийлсэн байна. Энэ нь Дондогдулам хатныг рид хувилгааны шидтэй гэж хүндэтгэж байсантай холбоотой гэж үзсэн.
  • Хөшөөний зүүн талд Бурхан багшийн 8 суварганы “Тийн ялсан /намжил/ суварга”, оюун ухааны Манзушир бурханы зүрхэн тарни “Ум ара база на ди” тарнийг товойлгон сийлжээ. Энэ нь эх дагиныг эрдэм боловсрол төгс байсныг илтгэнэ. Манзушир бурханы тарнийг тоолон уншвал ухамсарыг тэлж, билэг оюуныг хурцалж, мэтгэлцэх урлаг, ой тогтоолт, тайлбарлан таниулах, задлан шинжлэх зэрэг оюун ухааны бүх чадварыг хөгжүүлж харанхуй мунхагаас гэтэлгэх адислалтай гэдэг.
  • Хөшөөний хойд талд Бурхан багшийн 8 суварганы “Хуваргууд салсаныг хураасан суварга”, Бизъяа бурханы зүрхэн тарни “Ум бадмо үш нига вималэ хум пад” тарнийг товойлгон сийлжээ. Эл суваргыг сийлсэн нь Улсын эх дагина хуварга, ихэс дээдэс, ардын эе эвийг эрхэмлэж байсныг илэрхийлжээ. Бизъяа бурхан бол Язгуурын 5 бурханы нэг, шороон махбодыг бэлгэдсэн, өмнө зүгт оршдог, монголоор Эрдэнэ үүдэгч юм.
  • Хөшөөний баруун талд Бурхан багшийн 8 суварганы “Гаслангаас гэтэлсэн /няндай/ суварга”, Жанрайсиг бурханы зүрхэн тарни “Ум ма ни бад мэ хум” тарнийг товойлгожээ. Хөшөөнд эл суваргыг сийлсэн нь “шашин төрийг өрнүүлэгч” Улсын эх дагина Дондогдуламыг таалал болсон буюу гаслангаас нөхөцсөнд зориулсан ажээ. Жанрайсиг бурхан хамаг амьтны залбирлыг сонсож, зовлонгоос аварч, замбуутивийн амьтан бүрийг хорвоогоос гэтэлгэн нирваанд хүргэх тангарагтай Бодьсадва гэдэг.

Хөшөөний эдгээр дүрслэл нь Дондогдулам хатны амьдрал, үйл бүтээлийн нэлээд зүйлийг тодруулах бөгөөд шашин төрийг өрнүүлэгч Улсын эх дагина Дондогдулам улсынхаа төлөө зүтгэж явсан их үйлсийг эргэх 4 улирал буюу хөшөөний 4 талаар төлөөлүүлэн холбож төгсгөлд нь Хонхот суваргыг дүрслэн хоосон чанарын гүн утгыг харуулжээ. Эгэл жирийн хүнд ийм дүрслэл бүхий дурсгал бүтээхгүй нь тодорхой бөгөөд эл хөшөө буй газарт Улсын эх дагины дурсгалыг оршоосон хэмээн үзсэн.

Малтлагаас олон төрлийн шавар бурхад, сац суварга гарч ирсэн нь Дондогдулам хатныг тэнгэрт хальсны дараа шар тосонд хайлуулан чандарласан хэмээх сурвалж мэдээг нотолдог. Тэрхүү олдворууд нь түүнийг хөдөөлүүлсэн газар гэдгийг илтгэжээ.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах